Засгийн газраас Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ.
Хуулийн төсөлд улсын төсөвт 2027 онд 41.3 их наяд төгрөгийн тэнцвэржүүлсэн орлого төвлөрүүлж, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцжээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгасан байна. Мөн 2027 оны төсвийн зарлагын 5.77 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Харин Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд төгрөг төлөхөөр тооцсон байна.
"БОЛОВСРОЛЫН САЙД 7.5, ГБХНХ-ИЙН САЙД 6.1 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА"
Сайд нарын зарцуулах төсвийг харвал хамгийн өндөр дүн боловсрол болон нийгмийн хамгааллын салбарт ногдож байна. Тэр дундаа Боловсролын сайд 2027 онд 7.54 их наяд төгрөг зарцуулахаар байгаа нь сайд нарын төсвөөс хамгийн өндөр дүн юм байгаа юм. Үүний 6.21 их наяд нь урсгал зардал, 1.33 их наяд нь хөрөнгийн зардалд зарцуулагдах аж. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсөв 6.10 их наяд төгрөг байна. Үүнээс 6.03 их наяд нь урсгал зардал, 73.9 тэрбум нь хөрөнгийн зардалд зориулагджээ. Үүний дараа Сангийн сайдын төсөв 5.30 их наяд төгрөг байна. Үүнд 1.57 их наяд төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр багтжээ. Мөн Эрүүл мэндийн сайдад 2.62 их наяд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад 1.99 их наяд, Зам, тээврийн сайдад 1.46 их наяд, Эрчим хүчний сайдад 1.28 их наяд төгрөг зарцуулахаар тусгасан байна. Эрчим хүчний салбар анхаарал татаж буй энэ үед тус салбарын сайдын багцын 1.06 их наяд нь хөрөнгийн зардал байна. Энд дурдсан салбаруудын төсөв нь зөвхөн тухайн яамны үйл ажиллагааны зардал биш. Харьяа байгууллагуудын зардал, хэрэгжүүлэх хөтөлбөр болон хөрөнгө оруулалтын зардлыг багтаасан төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт дүн юм.

"УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГЫН ГОЛ ХЭСГИЙГ ТАТВАР, ГААЛИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛНЭ"
2027 онд төсвийн ерөнхийлөн захирагчид нийт 27.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Үүнээс Сангийн сайдын багц хамгийн өндөр буюу 21.05 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр байна. Тус дүнгийн 12.06 их наяд төгрөгийг Татварын ерөнхий газар, 8.39 их наяд төгрөгийг Гаалийн ерөнхий газар төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин Ерөнхий сайдын төвлөрүүлэх орлого 6.55 их наяд төгрөг. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төвлөрүүлэхээр байна.
"ОРОН НУТГААС УЛСЫН ТӨСӨВТ 2.1 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЭХ БӨГӨӨД ӨМНӨГОВЬ 1.57 ИХ НАЯД ТӨВЛӨРҮҮЛНЭ"
Улсын төсвийн орлогын нэг эх үүсвэр нь орон нутгийн төсөв юм. 2027 онд орон нутгийн төсвөөс улсын төсөвт нийт 2.14 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс хамгийн өндөр дүн Өмнөговь аймагт ногдож байна. Тус аймаг улсын төсөвт 1.57 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Орхон аймгаас 107 тэрбум төгрөг, Дорноговь 16.8 тэрбум, Сэлэнгэ 12.2 тэрбум, Дархан-Уул 11.9 тэрбум, Төв аймаг 3.4 тэрбум, Дорнод 600.6 сая төгрөг тус тус төвлөрүүлэхээр тусгажээ. Харин Улаанбаатар хотоос 421.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, 21 аймгаас дээр дурдсан долоон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр байна.
"ХӨВСГӨЛ АЙМАГ ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ДЭМЖЛЭГ АВАХ БӨГӨӨД 56.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ АВНА"
Нөгөө талд 2027 онд улсын төсвөөс 14 аймагт нийт 395.3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор байна. Хамгийн их дэмжлэгийг Хөвсгөл аймаг авах бөгөөд 56.4 тэрбум төгрөгийн дэмжлэг авахаар тусгажээ. Завхан 51.1 тэрбум, Увс 49.6 тэрбум, Архангай 36.6 тэрбум төгрөгийн дэмжлэг авна. Мөн Баянхонгор 29.3 тэрбум, Хэнтий 27.1 тэрбум, Ховд 27 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар байна. Үүнээс гадна бүх аймаг, нийслэлийн хэмжээнд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд 587.8 тэрбум төгрөг шилжүүлэхээр төлөвлөжээ.
"ЗАСГИЙН ГАЗРЫН ГАРГАХ ӨРИЙН БАТАЛГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭ 6.4 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙНА"
Төсөлд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг хэд хэдэн төрлөөр тусгажээ. Гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг 2.49 их наяд төгрөг хүртэл, гадаад төслийн зээлийг 3.87 их наяд төгрөг хүртэл байхаар тусгасан байна. Мөн аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах дээд хэмжээг 2.56 их наяд төгрөг хүртэл байхаар заажээ. Түүнчлэн Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 6.4 их наяд төгрөг байхаар тусгасан байна. Харин 2027 онд тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээллэг болон өрийн зохицуулалтын арга хэмжээнээс бусад Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд төгрөг төлөхөөр тооцжээ.
2027 оны төсвийн тухай хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.