С.Батзаяа, Г.Эрдэнэбат нар АН-ын нэр дэвшигчдийг тодруулах "Сонгон шалгаруулах хороо"-нд ажиллах болсонд "Ц.Элбэгдорж хяналтдаа авлаа" гэжээ

С.Батзаяа, Г.Эрдэнэбат нар АН-ын нэр дэвшигчдийг тодруулах "Сонгон шалгаруулах хороо"-нд ажиллах болсонд "Ц.Элбэгдорж хяналтдаа авлаа" гэжээ

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр /2024.05.17/ хуралдаж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд тус намаас нэр дэвших хүмүүсээ тодруулах "Сонгон шалгаруулах хороо"-оо байгуулсан байна.

Тодруулбал, АН-ын дүрмээр "сонгон шалгаруулах хороо" нь тус намын даргаас санал болгосон нэр дэвшигчдийг эхний байдлаар олонхын зөвшөөрч, Үндэсний бодлогын хорооны хуралдаа оруулж батлуулдаг байна. Тэгвэл ирэх даваа гараг /2024.05.20/-т АН-ын ҮБХ хуралдаж УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших 126 хүнээ эцсийн байдлаар батлах аж. 

Харин АН-ын сонгон шалгаруулах хорооны гишүүдээр намын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт,  Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөл гишүүн Г.Эрдэнэбат, Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, ҮБХ-ны нарийн бичгийн дарга С.Батзаяа нар ажиллах аж.

Харин тус хороонд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэх тодотголтой хүмүүс багтсан явдалд тус намын зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж, "Ц.Элбэгдорж Ардчилсан намыг бүрэн хяналтдаа авлаа" хэмээн эсэргүүцэж байгаа аж. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Хэвлэл мэдээллийн албаны дарга асан С.Батзаяа, С.Зориг агсны амиа алдсан хэрэгт хяналт тавьж байсан прокурор асан Г.Эрдэнэбат нар АН-ын сонгон шалгаруулах хороонд багтаад байгаа аж. Мөн Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд болохдоо С.Баярцогтыг Байгаль орчны сайдаараа томилж байж. 2004 онд хоёр дахиа гүйцэтгэх засаглалын тэргүүн болохдоо ч Хэрэг эрхлэхийн даргаараа С.Баярцогтыг урьж байжээ. Харин улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Мөнх-Эрдэнийн тухайд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Хөх хот дахь Ерөнхий консулаар томилогдон ажиллаж байжээ.