Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч нар нь “гаальчин” гэх тодотголтой мэдүүлэгч нарын хамааралтай 100 гаруй аж ахуйн нэгжид хуурамч бүрдүүлэлтийг тогтмол хийж өгч улсад их хэмжээний хохирол учруулсан 20 орчим хүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл хэрэг болон бусад асуудлын талаар Гаалийн Ерөнхий Газрын дарга Р.Отгонжаргалтай ярилцлаа.
ВИДЕО:
-Өнгөрсөн долоо хоногт гаалийн байцаагч нартай холбоотой нэлээд ноцтой хэрэг илчлэгдэж, хуулийн байгууллага шалгаж байна. Тухайлбал Замын-Үүд сумын 10 байцаагч авлига авсан хэрэг гарсан. Ерөнхий сайд ч албан даалгаврууд өгсөн шүү дээ. Одоо эл хэргийн процесс хэрхэн үргэлжилж байна вэ?
-Хууль сахиулах байгууллагаас Гаалийн байгууллагын холбогдох байгууллагуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Яг ямар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар миний хувьд мэдэх боломжгүй. Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад шаардлагатай баримт, мэдээллийг гаргаж өгөх, шаардлагатай хүмүүсийг дуудаж гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа явуулж байна. Хэргийн талаар нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна.
-Гаалийн байцаагч нар импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний бүрдүүлэлтийг худлаа хийгээд сар бүр тогтмол орлого авдаг байсан гэдэг мэдээлэл байгаа шүү дээ. Энэ олон жил байцаагч нар нь хахууль авч байхад та бүхэн мэдэх боломжгүй байсан уу. Ер нь танай байгууллага дотоод хяналт, шалгалт хийдэг үү?
-Мэдээж хийлгүй яах вэ. Гаалийн байгууллага бол улсын хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгсэл, зорчигч нарт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага. Мөн манай улсад орж ирж байгаа ачаа барааны бичиг баримтад хяналт шалгалт хийдэг. Манай улс 2023 оноос хойш цахим бүрдүүлэлтийг туршиж үзээд, 2024 оноос эхлэн цахимаар бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж байгаа. Үүнд худалдаа эрхлэгч нараас ирж байгаа бичиг баримт хуулийн дагуу байгаа эсэхт хяналт тавих, урт болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтыг хийж байгаа. Бичиг баримт дээр тухайлбал барааны код, ангилал зэргийг өөр зүйлээр мэдүүлээд оруулах боломж байсан болоод ийм хэрэг гараад, шалгагдаад явж байгаа гэж ойлгож байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын дагуу энэ асуудлыг засах, сайжруулах шаардлага байгаа.
-Цахимд бүртгэх бараагаа бүртгээд заримыг нь бүртгэхгүй гаргачихдаг юм биш үү. Бүх бараагаа цахимд оруулахгүй байгаад асуудал байгаа юм биш үү?
-Тийм асуудал байхгүй. Хоёр улсын хоорондын харилцаа шүү дээ. Улсын хилээр нэвтэрч л байгаа бол бүртгэлгүй бараа орж ирнэ гэдэг ойлголт байхгүй.
-Гаалийн байцаагч нартай холбоотой маш их гомдол иргэдийн дунд яригддаг. Иймд манай улс татварынхаа асуудалд анхаарах ёстой юм уу. Таны хувьд татвар дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Тогтоосон тариф байгаа шүү дээ. Гаалийн албан татвар 5 хувь, НӨАТ 5 хувь гэдэг ч юм уу татвар авдаг. Тэгэхээр энэ татварыг зөв ногдуулах гэдэг бол хамгийн том ажил. Иймд тухай бүрд нь хувь, тогтоомжийг хангуулах ажлыг хийх ёстой. Энэ жил манайх 7 их наяд 770 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээж байгаа. Өнөөдрийн байдлаар 10.4 тэрбум ам.долларын импорт орж ирсэн бөгөөд 80 хувьтай байна. Энэ жил 6.8 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Тухайлбал өнгөрсөн жил 120 мянган автомашин импортоор орж ирсэн бол энэ жил 27 мянгаар буурсан байна. Түүнд ногдох албан татвар ч бас татварын орлогод нөлөөлж байна.
-Та энэ Гаалийн байгууллагыг толгойлж ажилладгийн хувьд авлигыг бууруулах ямар бодлого баримталж ажиллаж байгаа юм бэ?
-Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд жил бүр байгууллагын шударга байдлын үнэлгээ гэж зүйлийг тогтоодог. Сүүлийн гурван жил гаалийн байгууллагын шударга байдлын үнэлгээ тасралтгүй өссөн. Үүнд нөлөөлөх хамгийн гол ажил бол цахимжуулах ажил. Тийм учраас гаалийн байгууллага бүх төрлийн үйлчилгээнүүдээ цахим, нээлттэй болгосон. -Өнгөрсөн жил таны эгчийг таны нэрийг ашиглаад иргэдээс авлига авдаг гэсэн мэдээлэл гарсан. Энэ асуудлаар та шалгагдсан уу. Мөн сая гарсан хэрэгтэй холбоотой танд хариуцлага тооцох асуудал яригдсан уу? -Надтай энэ хэрэгтэй холбоотой хариуцлага ярьсан зүйл одоогоор байхгүй байна. Миний хувьд шалгах асуудал байвал шалгуулахад бэлэн байгаа. Манай эгчтэй холбоотой ч юм уу, танил талтай холбоотой асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.