Даваа гараг /2025.12.08/-т эхэлсэн “Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах” Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол өчигдөр /2025.12.12/ өндөрлөлөө. Энэхүү сонсгол нь олон жилийн турш нийгэмд маргаан дагуулж ирсэн Оюу толгойн төслийн бодит үр өгөөж, алдагдлын шалтгааныг ил болгох зорилготой байв.
-ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН 34 ХУВИЙГ МОНГОЛ УЛС ЗААВАЛ ЭЗЭМШИХ ШААРДЛАГА БАЙГААГҮЙ-
Сонсголын үеэр “Оюу толгойн хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээ яагаад тасралтгүй өсөв?”, “Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох алдагдал яагаад нэмэгдэв?”, “Монгол Улс энэ төслөөс бодит ногдол ашгаа хэзээ хүртэх вэ?” зэрэг асуултууд хөндөгдөж, эдгээрт хариулт эрэлхийллээ. Учир нь Оюу толгой төсөл 2009 онд эхлэх үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуульд, “Стратегийн ач холбогдол бүхий ордын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшиж болох бөгөөд уг эзэмшлийнхээ хэмжээнд таарах хөрөнгө оруулалтыг төр өөрөө хариуцах”-аар заасан байдаг. Энэхүү хууль, зохицуулалтын хүрээнд Монгол Улс Оюу толгойн төслийн 34 хувийг эзэмшсэн.
Гэвч бодит байдал дээр Монгол Улс уг 34 хувьд ногдох хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтийн зээлийн хүүг бие даан даах боломжгүй байснаас Рио Тинтогийн санхүүжилтэд түшиглэн, улмаар өрийн дарамтад орсон юм. Ингэснээр Монголын талд ногдох ногдол ашиг жилээс жилд хойшилж, 34 хувь нь ашиг бус алдагдлын эх үүсвэр болж хувирсан гэхэд болно.
Хамгийн анхаарал татсан асуудал нь тухайн үед Монгол Улс заавал 34 хувийг эзэмших шаардлагагүй байсан явдал юм.
Хэрэв төр төслийн хувь эзэмшигч бус, харин тусгайлсан өндөр татвар, ашигт малтмалын роялтигийн зохицуулалтаар орлогоо бүрдүүлэх хувилбарыг сонгосон бол өнөөдрийнх шиг их хэмжээний зээлийн өр, хүүгийн дарамтад орохгүй байх боломж байсан. Гэвч тухайн үеийн эрх баригчид “34 хувийг заавал эзэмшинэ” гэсэн улс төрийн шийдвэр гаргаснаар өнөөдөр Монгол Улс олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, зээлийн асуудалтай нүүр тулж байна. Ийнхүү УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол нь Оюу толгойн асуудал зөвхөн гэрээний маргаан бус, бодлогын алдаа байсныг дахин санууллаа. Одоо хамгийн чухал нь өнгөрснийг буруутгахаас илүү бодит нөхцөл байдлаа зөв үнэлж, Монгол Улсад ашигтай, өрийн дарамт багатай, ил тод шинэ шийдэлд хүрэх явдал юм.
-ХУВИЙН ХОРСОЛДОО ДАРЛАГДСАН ӨВӨӨ НАРААС ШИЙДЭЛ ГАРСАНГҮЙ-
Оюу толгой төсөл нь эдийн засгийн ач холбогдлоос гадна геополитикийн хувьд ч онцгой чухал ач холбогдолтой төслийн хэмжээнд хүрээд байна. Тухайлбал, Сангийн сайд асан С.Баярцогт “Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгсөн. Тэр маргааны хүрээнд нөхөн төлбөрийн хэлбэрээр Оюу толгойн Рио Тинтогийн эзэмшиж буй хувийг авах санал тавьсан” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан юм. Энэхүү компани нь дэлхийн хөнгөн цагааны томоохон үйлдвэрлэгч болох ОХУ-ын “Русал” ажээ.
ВИДЕО:
Русал компани Рио Тинто группийн эсрэг 1.3 тэрбум гаруй ам.долларын нэхэмжлэл гаргасан бөгөөд уг маргаан шийдэгдэх явцад Рио Тинтогийн Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгой төсөлд эзэмшдэг хувийг авах боломжтой хэмээн мэдэгдэж байсан нь асуудлыг эдийн засаг төдийгүй геополитикийн түвшинд хурцатгасан билээ. Ийм ээдрээтэй нөхцөл байдалд болсон УИХ-ын сонсголд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй 300 гаруй хүн гэрчээр дуудагдсан юм. Олон нийт эдгээр хүмүүсээс Оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэх бодит гарц, шийдэл сонсоно гэж хүлээсэн ч бодит байдалд тэс өөр дүр зураг харагдлаа.
Сонсголын үеэр төслийн ирээдүй, улсын эрх ашиг бус, харин хувь хүмүүсийн хоорондын хуучин гомдол, дайсагнал, хувийн хонзон давамгайлж байв.
Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрийн улс төрийн дайсан хэмээн үздэг Ц.Элбэгдоржийг буруутгасан бол, УИХ-ын дарга асан З.Энхболд 10 жилийн сургуулийн нэг үеийн С.Баярцогтод хандах хувийн үзэн ядалтаа ил тод илэрхийлж байв. Монгол Улсын төрд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өндөр албыг хашиж, олон жил төрийн жолоо атгаж явсан эдгээр хүмүүсийн үг, үйлдэл ийнхүү улс орны эрх ашгаас илүүтэй хувийн сэтгэлийн өнгөөр илэрхийлэгдэж буй нь харамсал төрүүлэхээс өөр аргагүй байлаа.
Харин тэднээс муу хэлүүлсэн Ц.Элбэгдорж, “Муу бол минийх, сайн бол түмнийх. Тухайн үед гуравдагч талын хөрөнгийг татах гэж л хичээсэн. Риогийн санхүүгийн заль мэхийг илчилж, зэс цахилгааны үйлдвэр, төрийн эзэмшил, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон” гэж мэдэгджээ. Харин Ерөнхий сайд асан С.Баяр, “Төрийн эзэмшлийн 34 хувийг дагасан хор уршиг одоо гарч ирж байна. АМНАТ-аа л аваад явбал болох байсан” гэж мэдэгдлээ.
Сонсголд байлцах боломж олдоогүйд хүлцэл өчие. Нээлттэй ярилцах нь зөв. Муу бол минийх, сайн бол түмнийх. Тухайн үед гуравдагч талын хөрөнгийг татах гэж л хичээсэн. Риогийн санхүүгийн заль мэхийг илчилж, зэс цахилгааны үйлдвэр, төрийн эзэмшил, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон.
— ELBEGDORJ Tsakhia Mongol (@elbegdorj) December 12, 2025
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХУДАЛ ЯРЬСАН УУ-
“Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Рио Тинто компанитай хэлэлцээ хийж, монголд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглүүлж чадлаа. Ингэснээр монголын эзэмшиж буй 34 хувьд ногдуулсан 2.3 тэрбум ам.долларын өр тэг баланст шилжиж, 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх нээлт боллоо” хэмээн 2024 оны нэгдүгээр сард мэдэгдэж байсан. Тэгвэл энэ долоо хоногт болсон “Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах” Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсголоос үзвэл “Л.Оюун-Эрдэнэ 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн” гэх мэдээлэл худал байж болзошгүй байна.
ВИДЕО:
С.Баяр: Төрийн эзэмшлийн 34 хувийг дагасан хор уршиг одоо гарч ирж байна. АМНАТ-өө л аваад явбал болох байсан pic.twitter.com/VDMpiy2zkq
— Bloomberg TV Mongolia (@BloombergTVM) December 12, 2025