“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг зүүн бүсийн малчид дэмжиж байна

“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг зүүн бүсийн малчид дэмжиж байна

Мал аж ахуйн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилготой Засгийн газрын томоохон бодлого болох “Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн нээлт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод өнөөдөр эхэллээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 400 гаруй малчин, хоршоологчдын төлөөлөл нээлтэд оролцож байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, энэхүү хөдөлгөөнийг санаачлагч Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүд, бусад албаны хүмүүс оролцож байна. Мөн хотоос хөдөөг зорьж малчин болсон залуусын төлөөлөл сайн туршлагаа хуваалцахаар бүсийн нээлтэд оролцож байгаа юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний танилцуулга, илтгэлийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийлээ. Тэрээр ""Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр мал аж ахуйн салбарыг хөгжүүлж, эрсдэлд тэсвэртэй бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлнэ. Хагас эрчимжсэн, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ. Ингэснээр Монгол Улс уул уурхайн экспортын орлогоос хамаарсан орон биш болж мал аж ахуйн салбарт ажлын байр бий болж, чинээлэг дундаж давхарга бий болно. ДНБ-нд хөдөө аж ахуйн салбараас орох орлогыг гурав дахин өсгөнө. Тогтвортой ханган нийлүүлэлтийг бий болгоно. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ. Шинэ хоршоо хөдөлгөөнөөр чинээлэг малчин бий болгохын төлөө хамтдаа хичээе” гэж онцлов.

Хоршоо байгуулах талаар хэрхэн бүртгүүлэх, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зүүн бүсийн малчин, хоршоологчдын уулзалтад УБЕГ-ын албаны хүн мэдээлэл хийлээ. Хоршооны гишүүн нь 16 насанд хүрсэн иргэн байх юм. Хоршоо байгуулах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор баримт, бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх юм байна. Хоршооны үүсгэн байгуулагчдыг бүртгэж, нэр баталгаажуулах аж. Мөн хоршооны бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, гишүүдийн үүргийн талаар албаны хүмүүс хууль, эрх зүйн танилцуулга хийлээ.

Малчид "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тэд хоршоо байгуулж ноос, ноолуурын чиглэлийн, эрчимжсэн мал аж ахуй,  малын бүтээгдэхүүн борлуулах цэг зэрэг нутаг дэвсгэрийн онцлогт тохирсон үйл ажиллагааг эрхлэхээ илэрхийлж байв. Тухайлбал, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын малчин У.Эрдэнэбилэг “Малчид бид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж байна. Харин мэдээлэлгүй байсан. Энэ хурлаас олон талын мэдээлэл авлаа. Сумандаа очоод малчидтайгаа ярилцаад хөдөө аж ахуйн чиглэлээр хоршоо байгуулах бодолтой байна” гэв.

Тэгвэл  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Т.Отгонбаяр “ Малчид өнгөрсөн өвлийг хүнд давлаа. Бог мал их хорогдлоо.  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж байна. Харин малчдад хоршоо байгуулах талаар мэдээлэлгүй, хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдаж, яаж үйл ажиллагаа эрхлэхээ мэдэхгүй байсан. Өнөөдрийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтээр мэдээллийг дэлгэрэнгүй авлаа.  Хэрвээ хоршоо байгуулвал тэжээлийн ургамал тариална. Мөн үхрийн фермер эрхэлнэ” гэв.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэсант сумын малчин Б.Болортуяа “Би өнөөдөр энэ хэлэлцүүлэгт оролцоод маш их мэдээлэлтэй боллоо. Гар утас дээрээ мэдээллийг бүрэн бичиж авсан. Сумынхаа малчдад мэдээлэл хүргэнэ. Хоршоо байгуулвал сүү, цагаан идээ боловсруулах, борлуулах үйл ажиллагаа явуулъя гэж бодож байна. Хоршоо байгуулах талаар бусад малчидтайгаа зөвлөлдөнө” гэсэн юм. 

Улсын хэмжээнд 21 аймгийн 330 суманд 660 төрийн албан хаагч нэг сарын турш малчдад хоршоо байгуулах талаар зөвлөгөө өгч ажиллах юм.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө