“Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг Пүрэв гараг /2024.02.29/-т зарлалаа. Угтаа энэ бол метро барих бүтээн байгуулалтын тендер биш харин зөвлөх үйлчилгээ үзүүлж, техникийн тодорхойлолт боловсруулах компанийг сонгох тендер юм.
-НҮҮРСЭЭР БАРТЕРЛАЖ УЛААНБААТАР ХОТ МЕТРОТОЙ БОЛНО-
Энэхүү ТЭЗҮ-ийг боловсруулах тендерийн нийт өртөг 180 тэрбум төгрөг бөгөөд үүнийг 2024 оны Нийслэлийн төсөвт суулгасан. Харин Улаанбаатарт хотод баригдах гол зам дагуу 17.7 км урттай метро барих бүтээн байгуулалтын нийт зардалд 1.5 тэрбум ам.доллар шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарсан. Энэ санхүүжилтийг Улаанбаатар хотын эзэмшлийн Дорноговь аймагт байдаг "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг хятадуудад ашиглуулах замаар босгох ба Улаанбаатарт метро барих бүтээн байгуулалтыг БНХАУ-ын компани гүйцэтгэх юм.
Товчхондоо, нүүрсээр бартер хийж нийслэл метротой болно гэсэн үг.
Сонирхуулахад, Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй км-ийн зайд байрлах коксжих нүүрсний ордын 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК буюу нийслэл эзэмшдэг. Тиймээс ч тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, "Баганан тулгуурт галт тэрэг" буюу LRT барьж түгжрэлийг шийднэ гэж Хотын дарга асан Д.Сумъяабазар зорьж байв. Харин Х.Нямбаатар хотын дарга болсноор LRT биш газрын доор явах метро барина гэсэн юм. Мөн Түгжрэлийн сайдаар Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон, хятадуудтай маш сайн харилцаатай байдаг гэх Б.Дэлгэрсайхан томилогдсон нь ч ийм учиртай.
-МЕТРОНЫ ТӨСӨЛД Х.БАТТУЛГА "МАЙДАР" БУРХАНЫ ХӨШӨӨГӨӨ, Д.БАЯСГАЛАН "БӨӨРӨЛЖҮҮТ"-ИЙН СТАНЦАА ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ГЭНЭ-
Харин энэ долоо хоногт “100 чухал сэдэв ба Метро” гэсэн нэвтрүүлгийг Хотын дарга Х.Нямбаатар өөрөө хөтлөн явууллаа. Түүний нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Голомт банкны эзэн Д.Баясгалан нарын хүмүүс оролцсон. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Богд уулыг тойрсон 100 гаруй км-ын авто замын дагуу метро барих хэрэгтэй. Шинэ нисэх, Зуунмод, Налайх, Баянзүрх гэсэн чиглэлд метрогоо төсөөлж байгаа” гэсэн юм. Ингэснээр Богд уул дэлхий дээр хамгийн том ногоон байгууламж болох боломжтой гэнэ. Үнэндээ Х.Баттулга энэ үгээрээ “Богд уулын урдуур “Майдар” бурханы хөшөөгөөр дайруулаад метрогоо эхлээд барья” гэсэн санааг илэрхийллээ.
ВИДЕО:
[100 чухал сэдэв] - Метро
— Мэдээллийн Ажилтан (@medeelliin) February 27, 2024
Х.НЯМБААТАР Улаанбаатар хотын дарга
Х.БАТТУЛГА Ерөнхийлөгч асан,
Ж.ОДЖАРГАЛ MCS группын захирлуудын зөвлөлийн дарга,
НАГАЯМА КАЦҮХИДЭ Жайка-н төслийн багийн ахлагч, Ph.D,
Д.БАЯСГАЛАН Бодь группын ТУЗ-ын дарга,
Н.ЭНХБАЯР Ерөнхийлөгч асан,
Б.ДЭЛГЭРСАЙХАН… pic.twitter.com/tD3p1c2FmP
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилга бүхий “Майдар хот” болох мөрөөдөлтэй “Майдар бурхан”-ы хөшөөний шавийг одоогоос 12 жилийн өмнө буюу 2012 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт тавьж байв. Улмаар Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нэг жилийн дараа буюу 2018 онд Майдар хот сүндэрлэнэ хэмээн тэр хэсгийн 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.
Мөн "БНХАУ-ын 25 сая ам.долларын буцалтгүй тусламжаар МУИС-ийн 7 байрыг барих гэж байхад нь Х.Баттулга Хятадын дарга Ши Жин Пинд захидал бичиж Майдар хөшөөнийхөө дэргэд бариулна гээд зогсоосон" гэх мэдээлэл ч гарч байв.
Харин Х.Нямбаатарын хөтөлсөн нэвтрүүлэгт оролцсон Голомт банкны эзэн Д.Баясгалан, “Улаанбаатар хот бидэнтэй хамтарч ажиллаад хөрөнгө оруулалт хийх юм бол “Бөөрөлжүүт”-ийн цахилгаан станц ашиглалтад орох хугацаа наашилна. Энэ нь метроны төсөлтэй цаг хугацааны хувьд уялдаж байгаа” хэмээн өгүүлэв. Сонирхуулахад, Д.Баясгалангийн нөлөөгөөр магадгүй Багануурт цахилгаан станцын барих төсөл гацаж түүний “Бөөрөлжүүт”-ийн станцын төсөл эхэлсэн байж болзошгүй байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тэгвэл өдгөө Д.Баясгалангаас нийслэл метрондоо зориулж цахилгаан худалдан авахаар болж байна.
-Х.БАТТУЛГА, Д.БАЯСГАЛАН НАР НҮҮРСЭЭР БАРТЕРЛАЖ МУХАР ТӨМӨР ЗАМ БАРЬСАН ХОЁР-
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Голомт банкны эзэн Д.Баясгалан нарын хамтрал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүдүүн царгийн төмөр зам тавьснаар үргэлжилдэг. Тиймээс өнгөрөгч 12 дугаар сард болсон "Нүүрсний" сонсголд тэд дуудагдсан юм. Харин Д.Баясгалан сонсголд оролцсон бол Х.Баттулга гадаад руу яваад өгсөн. Учир нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км мухар төмөр зам бол Эрдэнэс тавантолгойн нүүрсээр бартер хийж баригдсан юм. Тодруулбал, 2015 оноос хойш бүтээн байгуулалтын ажил нь таг зогсоод байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Бодь Интернэшнл” ХХК-иар Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн.
Тус төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар шийдвэрлэсэн байдаг. Мөн 2020 оны тавдугаар сарын 13-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар “Тавантолгой-Гашуунсухайт зэрэг төмөр замын царигийн асуудлыг “Нууцын зэрэглэл” бүхий асуудал яригдана гэх шалтгаанаар хаалттай хэлэлцсэн юм.
Уг хаалттай хэлэлцсэн асуудал нь УИХ-аар 2014 онд баталсан 64 дүгээр тогтоол буюу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол байв. Тодруулбал, тус тогтоолд, “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /бүдүүн/-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байдаг. Харин Үндсэн хуулийн цэцийн нууц хурлаар Монгол Улс төмөр замын хос царигтай байх бодлого өөрчлөгдөж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүдүүн царигтай тавигдсан юм. Магадгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царгийн асуудлаар Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулсан цаад эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж хардах иргэд ч цөөнгүй байдаг.