Хахууль авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг АТГ-аас мөрдөн шалгаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл тус хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, Т.Даваадалай нь Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байхдаа төрсөн дүү "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨУТҮГ-ын Метро төслийн менежерээр ажиллаж байсан Т.Мөнхдалай, үеэл дүү "Авангард уран дизайн энд инженеринг" ХХК-ийн захиарал Н.Билгүүн, нэгжийн төслийн менежер А.Ербол нартай бүлэглэн 2024-2025 онуудад эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд нийт 5.2 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон.
Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон нийт 2.6 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдалж ашиглан, мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт (мөнгө угаах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.