Хөвсгөл аймгийн Хатгалд болох “Хөх сувд”  арга хэмжээний үеэр 20 гаруй амралтын газар ажиллана

Хөвсгөл аймгийн Хатгалд болох “Хөх сувд” арга хэмжээний үеэр 20 гаруй амралтын газар ажиллана

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болох гэж байгааг зохион байгуулагчид мэдээллээ.

Мөсний баярын үеэр мөсөн шагай, тэшүүрийн тэмцээн, сурын харваа, мөсөн урлаачдын бүтээл, дарвуулт чарганы үзүүлбэр, Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон Qirwa Anka хамтлагийн тоглолт, өвлийн гоёл үндэсний хувцасны загвар шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах хөтөлбөр гарчээ.

Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.