Намрын сэрүүн салхи Гандантэгчинлэн хийдийн шар хэрмийн дагуу үлээж, хүжсийн үнэр агаарт сарнина. Хийдийн хашаагаар алхах сүсэгтэн олон, жуулчдын цуваа дунд нэгэн хуучин модон шонг тойрон эргэлдэх хүмүүс анхаарал татна. Зарим нь алгаа хавсран залбирч, зарим нь духаа нааж, хүслээ шивнэнэ.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн Гол дацан болох Гунгаачойлин хийдийн баруун талд орших энэхүү модыг иргэд шүтэж, хүслээ шивнэсээр өдийг хүрчээ. Гэхдээ сүүлийн үед энэхүү модны талаар сошиал орчинд "Цахилгааны шон байсан модыг иргэд шүтэж байна" гэх мэдээлэл цацагдах болсон учраас isee.mn энэ модны үүх түүхийг сурвалжиллаа.
ВИДЕО:
-1950-1960 ОНЫ ҮЕД ГЭРЛИЙН ШОН БОЛГОЖ АШИГЛАЖ БАЙСНЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ-
Хийдийн түүх дурсгал, хуврагуудын тайлбарлаж буйгаар, энэхүү мод нь одоогоос хоёр зуу гаруй жилийн өмнө боссон Гандангийн ууган сүмүүдийн нэг болох Гунгаачойлин дацангийн гол дуганы тулгуур багана байжээ. Хуучин цагт монголчууд сүм хийдийн гол баганыг сонгохдоо газар шинжиж, модыг нь тусгайлан шилж, яргүй цэвэрхэн, бат бөх байхыг чухалчлан, дараа нь тусгайлан аравнайлж (ариулж) босгодог байсан уламжлалтай.
МБШТ-Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны дарга Ч.Бямбажаргал “Намайг анх 1990 оны сүүлээр энэ модны хажуугийн ганданд шавилан сууж байхаас л өвгөн лам нар ярьдаг байсан юм.
Тэд "1937 оны их хэлмэгдүүлэлт болох үед одоогийн Гунгаачойлон дацангийн өмнө байсан дацанг нураахад тэр дацан найман тулгуур баганатай байсан бөгөөд хамгийн баруун урд багана нь үлдсэн юм" гэж ярьдаг байсан юм.
Гэхдээ анхны үүсэл нь бол дацангийн тулгуур багана байсан юм. Одоо байгаа чулуун хүрээ хийхээс өмнө хөрөөдөж буулгах гээд чадаагүй гэх яриа ч бий. Уйлсан ч гэдэг, сүү урссан ч гэдэг, цус гарсан ч гэдэг. Ямар учиртайг нь асууж сураглахаар, Гунгаачойлон дацангийн гол сахиус болох Балсанлхам бурхан оршсон мод гэж өвгөн лам нар хэлдэг байсан юм. Уг нь түүнийг шүт, эргэж мөргөж тойр, хүслээ шивнэ гэж хэн ч хэлээгүй боловч хүмүүс уг дацангаас үлдсэн ганц гол баганыг ихэд сүсэглэн хүслээ хэлж мөргөж тойрдог болсон байдаг.
Харин 1950-1960 оны үед гэрлийн шон болгож ашиглаж байсныг үгүйсгэх аргагүй. Тухайн үед орос цэргүүд энэ хавьд байрладаг байсан болохоор ойр хавийн иймэрхүү өндөр модыг цахилгаан, гэрлийн шон болгож ашигдаж болно шүү дээ” хэмээсэн юм.

-ЭНЭХҮҮ ГАНЦ МОДЫГ АЛИВАА ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛНЭ ХЭМЭЭН ИТГЭЖ ИРСЭН АРД ОЛОН БИЙ-
Монголчууд хэдэн зуун жилийн өмнөөс Буддын шашин соёлыг эрхэмлэж чадах чинээгээрээ нүглээс татгалзаж, буяны үйлийг хичээж ирсэн уламжлалтай. Аль нэгэн шашны цаад талд олон зуун хүний сүсэг бишрэл, итгэл үнэмшил оршдог. Өнөө хэр хэн ч аль нэгэн шашныг бусдаас илүү буюу дутуу, эсвэл туйлын үнэн гэж нотлоогүй, тийм боломж ч үгүй болохоор, хүн бүр өөр өөрийн хүсэл, итгэл үнэмшлээр сонголтоо хийх эрхтэй биз. Яадаг ч байсан хээрийн ганц чулууг бурхан болтол нь шүтсэн домгийн нэгэн адил энэхүү ганц модыг аливаа хүслийг биелүүлнэ хэмээн итгэж ирсэн ард олон бий.