XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон яамны удирдлагууд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, золголт хийв.
Манай уламжлалт баяр Цагаан сарын ёслол, зан заншил нь монголчууд бидний эв эе, эрхэм ёс, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм. Түүнчлэн үндэсний соёл, өвөрмөц өв уламжлалаа сурталчлан таниулах, дэлхийн соёлын нийтлэг ололттой хослуулан хөгжүүлэх нь гадаад харилцааны бодлогын нэг үндсэн зорилго бөгөөд үүний хүрээнд үндэсний баяр Цагаан сарын ёслол хүндэтгэл, зан үйл, онцлогыг улс орноо төлөөлөн суугаа гадаадын Элчин сайд нарт танилцууллаа.
Арга хэмжээний үеэр язгуур урлагийн тоглолт, ястан үндэстний хувцас хэрэгсэл, тоглоом наадгай, бичиг үсгийн соёлыг танилцуулах арга хэмжээ болов.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан:
Монголд байх хугацаандаа та бүхэнтэй Цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр биднийг хүлээн авч, нэгэн гэр бүл болж Цагаан сараа хамтдаа тэмдэглэж байгаа нь эв санааны нэгдлийг харуулж байгаагаараа онцлог юм. Энэ нь гэр бүл, төрөл төрөгсдөөрөө нэгдэж, тэмдэглэж ирсэн Цагаан сарын уламжлалыг мөн харуулж байна гэж ойлгож байна. Өнөөдөр надаас гадна хүн бүр өнгөлөг сайхан дээлээрээ гангарч ирснийг харахад сайхан байна. Та бүхэнд Цагаан сарын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжюань:
Анх удаа Цагаан сарын баярыг Монголд тэмдэглэж байгаадаа баяртай байна. Ялангуяа, энэ онд Монгол, Хятадын цагаан сар давхцаж байгаа нь бүр ч олзуурхууштай юм. Энэхүү Модон луу жил нь манай хоёр орны ард түмэн, хоёр улсын харилцаанд өлзийтэй сайн байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд Цагаан сарын мэндийг дэвшүүлэхийн хамт сайхан шинэлээрэй хэмээн хүсье.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган:
Хоёр дахь удаагаа Цагаан сарын баярыг тэмдэглэж байна. Энэхүү баяраар дамжуулан Монголын ёс заншил, үнэт зүйлсийг ойлгон суралцаж байгаадаа хувьдаа талархаж байдаг. Гэр бүлийн гишүүд халуун бүлээрээ цугларч, амттай бууз, хоолоо хамтдаа хийж, баяр баяслаар дүүрэн сар шинээ угтдаг нь сайхан санагддаг. Монголчуудын зочломтгой, халуун дулаан занг цаг ямагт мэдэрч ирсэн бол Цагаан сараар улам их мэдэрч байна. Та бүхэн сайхан шинэлээрэй.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара:
Цагаан сарыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхээр биднийг урьсанд Гадаад харилцааны сайдад баярлалаа. Монголд ирээд төдийлөн удаагүй байгаа тул гэргий бид хоёр анх удаа Цагаан сарын баярын тэмдэглэлт үйл, ёс заншил зэргээс суралцаж байна. Ялангуяа, өнөөдрийн арга хэмжээнээс их зүйлийг мэдэж авсандаа баяртай байна. Цагаан сараар олон Монгол айлд зочилж, гэр бүлээрээ хамтдаа хэрхэн энэ сайхан баярыг тэмдэглэдэг болохыг мэдэж авсан. Мөн биднийг найрсгаар хүлээн авч зочилсонд сэтгэл их хөдөллөө. Би хараахан Монгол хэл сурч авжаагүй байгаа. Дараа жилийн Цагаан сар гэхэд Монгол хэлээ сайжруулж, монголчуудтай илүү ойр дотно ярилцана гэж бодож байна.
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Элизабет Блайт:
Цагаан сарын мэндийг дэвшүүлье. Миний хувьд анх удаагаа Цагаан сар тэмдэглэж байна. Британийн ард түмний өмнөөс Монголчууддаа сар шинийн мэндийг дэвшүүлж, ирж буй модон луу жилдээ бүгд аз жаргалтай байхыг ерөөе. Миний бие Цагаан сарын баяраар дамжуулан Монголчуудын уламжлалт баяр, зан заншил, зочлох хүндлэх ёс зэргийг суралцаж байгаадаа туйлын их баяртай байна. Ирж буй Модон луу жил Монгол Улс өлзийтэй сайн байж, энх тунх, хөгжил дэвшлийг дуудсан ерөөлтэй сайхан жил болно гэдэгт илтгэлтэй байна. Энэхүү бэлэг дэмбэрэлтэй модон Луу жилийг та бүхэнтэй хамтдаа туулахдаа таатай байх болно.