Мунзуй" Г.Нямдорж нар захиалгаар өр барагдуулахын тулд бусдыг заналхийлсэн байсан байж болзошгүй байгаа бөгөөд тэднийг суллан, шалгаж эхэлжээ

Мунзуй" Г.Нямдорж нар захиалгаар өр барагдуулахын тулд бусдыг заналхийлсэн байсан байж болзошгүй байгаа бөгөөд тэднийг суллан, шалгаж эхэлжээ

"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын хоёр бүлгийн зургаан этгээдийг цагдаагийн байгууллагаас энэ сарын 17-ны өдөр /2024.01.17/ саатуулан шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн 13.5 /Заналхийлэх/, 17.6 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зэрэг зүйл ангиар шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж тодотгож байгаа. 

Тэгвэл олон удаа ял шийтгэгдэж байсан ч энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, иргэдийг айлган сүрдүүлж, заналхийлсэн хэрэгт дахин холбогдон, шалгагдаж байгаа Г.Нямдорж, Б.Пүрэвжав нарыг саатуулсан 48 цагийн хугацаа дуусаж, тэднийг сулласан байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас Г.Нямдорж, Б.Пүрэвжав нарыг үргэлжлүүлэн хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх саналыг прокурорт хүргүүлсэн ч прокурор уг саналыг хүлээн авахаас татгалзаж, тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзсэн аж. Тиймээс дээрх нэр бүхий хүмүүсийг Хорих 461 дүгээр ангиас суллажээ. 

"Мунзуй" хочит Г.Нямдорж, "Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нарын этгээдүүд нь Монгол Улсын нэр бүхий иргэний захиалгаар "өр барагдуулах ажил"-ыг хийж байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Нарийвчилбал, тэд магадгүй тухайн иргэнтэй үгсэн тохиролцож, их хэмжээний өр авлагыг нь барагдуулж, түүнээсээ тодорхой хэмжээний хувь авахаар тохиролцсон байж магадгүй байгаа аж. Угтаа Монгол Улсад хувиараа өр авлага барагдуулах гэх зохицуулалт байхгүй. Гэтэл 1970, 1980-аад онд БНСУ-д ид газар авч байсан энэ төрлийн гэмт хэргийг нэр бүхий бүлэг этгээдүүд үйлдсээр байгаа нь хууль эрх зүйн орчныг сайжруулж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах шаардлага байгааг харуулж байна. 

Ямартай ч бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргээр шалгагдаж байгаа Г.Нямдорж, Б.Пүрэвжав нарын этгээдүүдийг суллаж, гадуур шалгахаар болжээ. 

Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйл: Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун нэгжээс хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 1-5 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл: Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.