С.Чинзориг: Тэтгэврийн урьдчилгааг хүүгүй, богино хугацаатай олгодог болохоор судалж байна

С.Чинзориг: Тэтгэврийн урьдчилгааг хүүгүй, богино хугацаатай олгодог болохоор судалж байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Засгийн газрын хуралдаанаар Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг  хэлэлцлээ. Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг байгуулж, миний бие ахлан ажилласан. Амралтын өдрүүдэд Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран иргэдийн зээлийн төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулаад, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ингээд Засгийн газрын хуралдаанаас нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийтдээ 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. Арилжааны банканд тэтгэврийн зээлтэй байгаа нийт иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас тэтгэвргээ барьцаалан зээл авсан иргэдийн зээлийн хэмжээнээс үл хамааран бүх зээлийн үлдэгдэл өрийг тэглэх арга хэмжээнд хамруулна. Үүнд зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэвэрээ барьцаалан зээл авсан бол зээлийг нь тэглэнэ. Түүнчлэн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол зээлийг нь тэглэнэ гэж хуулийн төсөлд тусгасан. Тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэнэ. 

-Салхитын мөнгөний ордын өмчлөлийн асуудал маргаантай байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-"Эрдэнэс Монгол" компанийн охин компани болох "Эрдэнэс силвер ресурс" гэдэг компани байгуулсан. Өнгөрсөн оны зургаадугаар сард Салхитын мөнгөний ордны лецинзыг "Эрдэнэс силвер ресурс" компанид шилжүүлсэн байдаг. Энэ компанийн тусгай зөвшөөрөлтэй хобоотой асуудал иргэдийн дунд эргэлзээ үүсгэж байгаа. Шүүх дээр асуудал байна уу, төрийн мэдэлд бүрэн очсон уу үгүй юу гэдэг асуулт байх шиг байна. Бид ажлын хэсгийн явцал судалж үзэхэд хуучин лецинзыг эзэмшиж байсан хятадын компани Захиргааны хэргийн шүүхэд хандан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас тусгай зөвшөөрлийг нь цуцлаад "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна гэдэг гомдол гаргасан юм билээ. Гэвч анхан болон давж заалтдах шатны шүүх тэр компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс лецинз дээр маргаан байхгүй.

Салхитын мөнгөний ордны  ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй гэж тогтоогдсон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна. Ямартай ч ирэх хоёрдугаар сард багтаан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна.

-Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хамтад нь тэглэх үү?

-Үндсэн зээл болон зээлийн хүү хамаарна. Ер нь тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж байдаггүй. Арилжааны банкууд зээлийн мөнгө авахдаа тэтгэврээс хүүгийн төлбөрийг хамтад нь суутгадаг юм байна.  Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж гарахгүй.

-Тэтгэврийн зээлийг тэглэх нэрийдлээр эдийн засагт хохирол учруулж болохгүйг мэргэжлийнхэн хэлж байна. Эдийн засагт хүндрэл учруулахгүй байх талаас нь хэрхэн анхаарч байгаа вэ?

-Компанийн харьяанд байгаа ордын нөөцийг барьцаалж, бонд босгож байгаа учраас төсвөөс гадуур зохицуулагдаж байна гэж ойлгож болно. Тиймээс төсөвт хүндрэл учирна гэсэн ойлголт байхгүй.

-Тэтгэврийн зээлийг зогсоож буйгааг иргэд эсэргүүцэж байна лээ. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?

-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр боллоо. Цаашдаа иргэдийн шууд орлогыг барьцаалан тэтгэврийн зээл олгож байгааг оновчгүй гэж үзсэн. Тэтгэврийн зээл нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ  асуудлыг зогсоох ёстой гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Цаашдаа өрхийн зээл гэсэн бүтээгдэхүүн шинээр гаргахгүй. Харин богино хугацаатай, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Монголбанктай хамтран дараагийн арга хэмжээг авна.

-Өмчлөлийн маргаантай ордын нөөцийг барьцаалсан бондод хэрхэн баталгаа гаргах вэ?

-Хуулийн төслөөр Салхитын мөнгөний ордын нөөцийг түшиглэн гаргаж байгаа бондод Хөгжлийн банк баталгаа гаргана. Тэгэхээр бондын баталгаатай холбоотой асуудал үүсэхгүй байх.