Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын газрыг дуудлага худалдаагаар ашиглуулах төслийг Х.Нямбаатар боловсруулж, НИТХ-д өргөн мэдүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тус газрыг яагаад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар хуулийн этгээдэд ашиглуулахаар болсон талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригоос тодрууллаа.
ВИДЕО:
-Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын газрыг дуудлага худалдаагаар хуулийн этгээдэд ашиглуулах төсөл өргөн баригдсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 251 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд 509.1 га газрыг улсын хэрэгцээнд авч, Зам тээврийн яаманд харьяалуулсан байдаг. Үүний дагуу Зам тээврийн яамнаас тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, нийт 18 байршил буюу зургаан төрийн өмчит компани болон 12 ААН-үүдэд ашиглуулахаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд албан бичгээ хүргүүлсэн. Үүний дагуу төлөвлөгөөнд оруулж, газар ашиглуулах эрхийг дуудлага худалдаанд оруулж, сонгон шалгаруулалтаар шийддэг. Одоо ийм процесс л явж байна.
-Зам тээврийн хөгжлийн яамны саналыг үндэслэн Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын газрыг дуудлага худалдаанд оруулах гэж байна гэж ойлгож болох уу?
-Зам тээврийн хөгжлийн яамнаас 2022 онд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд албан бичгээр хүсэлт ирүүлсэн. Үүнд 18 байршлын 12-т нь зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар сонгон шалгаруулалт дуудлага худалдаа явуулах юм.
-Зам тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн албан бичиг гэдгийг жаахан тодруулж ярих боломжтой болов уу?
-Улсын тусгай хэрэгцээт газрыг ашиглах гурвалсан гэрээ хийдэг. Энэ дагуу Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын баталсан гэрээгээр газрыг ямар зориулалтаар ашиглуулах ёстой вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Тус гэрээг үндэслээд Зам тээврийн хөгжлийн яамнаас энэ газруудыг ашиглуулъя гэсэн хүсэлтээ албан бичгээр манайд хандсан. Энэ дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба газрын хэмжээ заагийг оруулж, төлөвлөгөөнд тусгасан гэсэн үг. Энэ нь гэхдээ 2022 онд батлагдсан НИТХ-ын 119 дүгээр тогтоолоор батлагдаад энэ жил хэрэгжүүлэх байсан боловч долдугаар сарын 26-наас шинээр газар эзэмших ашиглах эрхийг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан 2024 оны төлөвлөгөөнд дахин оруулсан юм. Он гарснаар дараагийн дуудлага худалдааг цахимаар явуулах болно.
-Хэрвээ НИТХ-аар дэмжээд, баталсан тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаанд оруулна гэсэн үг байх нь. Гэхдээ зориулалтыг нь өөрчлөхгүй биз дээ?
-Ямар нэгэн байдлаар зориулалтыг нь өөрчлөхгүй. Тухайн жилд орж ирсэн агаарын хэрэгслийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар л байна. Түүнээс биш ямар нэгэн орон сууц, өөр зориулалтаар ашиглах гээд байгаа зүйл огт байхгүй.
-Нийт хэдэн га газар байгаа вэ?
-Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд ирсэн хүсэлтээр 6.3 га газар байна. Харин төрийн зургаан байршил байгааг тооцоогүй. Одоо байгаа нь 12 иргэн, ААН дээр 11 га орчим газар бий. Улсын тусгай хэрэгцээний хуульд Засгийн газрын бүрэн эрхээр улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу газрыг ашиглуулах асуудлыг Зам тээврийн яамны хүсэлтийг үндэслэн батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Засаг дарга шийдвэрлэнэ гэж хуульд заасан байгаа. Хуулийнхаа дагуу л явж байгаа. Ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй.