Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл"-ийг НИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ны өдөр /2023.11.20/ НИТХ-д өргөн мэдүүлсэн байна. Тус төсөлд дурдсанаар Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын газрыг ирэх 2024 онд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар хуулийн этгээдэд ашиглуулахаар болжээ.
Тодруулбал, Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газарт үйлчилгээ, хамгаалалтын бүсийн болон контор, аж ахуйн зориулалтаар олгосон нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 509.1 га газар, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 2.01 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна.
Тэгвэл тус газрыг гурвалсан гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээ болон дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар 2024 онд хуулийн этгээдэд ашиглуулах эрх олгохоор төсөлд тусгажээ. Уг төслийг НИТХ хэлэлцэн баталбал дээрх газрыг ирэх онд дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар хуулийн этгээдэд ашиглуулах эрх олгох аж.
Ташрамд сонирхуулахад, Ирэх онд нийслэл газрын төлбөрийн орлогоос 86.78 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дуудлага худалдааны зарчмаар 54 байршлын газрыг шинээр эзэмшүүлэх, ашиглуулахаар "Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл"-д тусгасан байна.