ЗАСГИЙН ГАЗАР: Экологийн цагдаагийн албыг байгуулна

ЗАСГИЙН ГАЗАР: Экологийн цагдаагийн албыг байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Экологийнг цагдаагийн алба" байгуулах шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж танилцуулав.

Тэрбээр "Тээвэр хөдөлгөөний асуудлыг нийтэд нь Тээврийн цагдаагийн албанд хамруулахыг Засгийн газрын гишүүд дэмжлээ. Мөн цагдаагийн байгууллагын мэдээллийг нэгтгэх хэд, хэдэн нэгж байсныг нэгтгэж мэдээлэл, судалгааны алба байгуулахаар болсон.

Экологийн цагдаагийн нэгж нь уул уурхайн улмаас байгаль сүйдэж буй 11 аймаг, 100 гаруй суманд 170 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Ирэх жилээс орон нутаг дахь цагдаагийн байгууллагуудын байрны асуудал шийдэгдэж дуусаж байгаа. Тиймээс экологийн цагдаа болон хар тамхитай тэмцэх алба байгуулагдаж, шинэ албадыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлээд явна" гэсэн юм. 

Экологийн цагдаа нь улсын байцаагчийн эрхтэйгээс гадна байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд хэрэг нээж бүртгэх эрхтэй байна. Удахгүй тус албаны даргыг томилж, аль аймагт байрлуулахыг шийдэх ажээ. Эхний ээлжит 10 гаруй аймаг 100 гаруй  сумын байгаль орчны асуудлыг анхааралдаа авч, тодорхой арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм байна.