Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Ерөнхий сайдын захирамжийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулан төсөл боловсруулж Их хуралд танилцуулах шаардлагатай боллоо. Одоогоор 231 ахмад 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Ахмадууд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеэс л ажиллаж, улс эх оронд залуу насаа зориулсан хүмүүс учраас төрдөө үнэлэгдэн зээлээ тэглүүлэх нь зөв. Намайг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход тэтгэврийн зээл 12 хувийн хүүтэй байсан бол одоо 10 хувьтай болсон. Хоёр ба түүнээс дээш жилээр тэтгэврийн зээл авсан бол 18 хувийн хүү төлдөг байсан. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас 16 хувийн хүү төлдөг болсон. Бидний тооцож байгаагаар оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувь болох ёстой. Энэ нь бусад зээлийн хүүтэй харьцуулахад маш бага. Тиймээс ахмадууд ач зээгийнхээ сургалтын төлбөр, хүүхдүүдийнхээ байр, машины мөнгийг авч өгч байгаа юм. Тэтгэвэр гэдэг бол ахмадуудын сарын хэрэгцээг хангах ёстой зүйл. Гэтэл түүнийг барьцаалан зээл өгдөг нь буруу" гэсэн юм.
Мөн "Би өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Тэрээр хэдэн хэдэн зүйл хэлсэн. Нэгд, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ гэхэд цаашдаа иргэдийнхээ сарын амьжиргааны хэрэгсэл болсон мөнгийг барьцаалах үйлчилгээг зогсоох, өөрчлөх хэрэгтэйг хэлж байна лээ. Хоёрт, зээлд хүү төлөгдөж байгаа. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд тэглэнэ гэх юм бол энэ хүртэлх хүүг л хамт төлөх учиртай. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд хүү багатай байршуулж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү багасгаж байгаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн арилжааны банктай байгуулсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэрээг цуцлах. Байршуулсан мөнгийг буцааж татах хэрэгтэй гэсэн.Ахмадуудын 95 хувь нь Төрийн банк болон Хаан банкаас зээл авсан байдаг.
Зөвлөмж гарснаар шууд тэтгэвэр тэглэгдэхгүй. Байгалийн баялгийг ашиглах шийдвэрийг Их хурал шийдвэрлэх учраас манай ажлын хэсэг ажиллан төсөл өргөн барьж тэндээс тодорхой шийдвэр гарна. Өнөөдөр бол бид нэгдүгээр сарын тэтгэврээ олгочихсон байгаа. Их хурлаас шийдэгдээгүй байгаа учраас арилжааны банк ахмадуудын зээл, зээлийн хүүг авчихсан байгаа. Хэрэв Их хурлаас нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн зээлийг тэглэнэ гэвэл буцаан олгох хэлбэрээр өгөх ёстой болно. Хамгийн гол нь Засгийн газрын тодорхой шийдвэр л хэрэгтэй байна. Ямартай ч бид яаралтай төсөл боловсруулж өгнө" гэсэн юм.