С.Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг тэглэх тооцоо судалгаа нь ойлгомжгүй байна

С.Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг тэглэх тооцоо судалгаа нь ойлгомжгүй байна

Тэтгэврийн зээлийг тэглэх Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл өглөө.

-ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ШИЙДВЭР ГАРГАДАГ БАЙГУУЛЛАГА БИШ-

Тэрбээр “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Х.Баттулгад Ардчилсан намаас тэтгэвэрийн зээл, цалингийн, оюутны сургалтын зээлийн хүүг бууруулахыг албан даалгавар болгож байсан. Тухайн үед өгсөн Ардчилсан намын даалгавар, саналыг хэрэгжүүлж байгаа юм болов уу гэж бодож байна. Нөгөөтэйгүүр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж тэтгэвэр тэглэх шийдвэр гаргасан гэж буйг нь ойлгохгүй байгаа юм.

2020 оны төсөв батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байна. Төсөв батлах үеэр тэтгэврийн зээлийг тэглэх асуудал яригдаагүй. Хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Тэтгэврийн зээлийн хэмжээ бага мөнгө биш. Маш олон арилжааны банкинд байгаа. Ялангуяа тэтгэвэр тавьж олгодог банкууд бүгдээрээ зээлтэй олгосон. Энэ зээлийн тооцоог яаж хийсэн юм бол. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ярихдаа ямар тооцоо, судалгаанд үндэслэж гаргасан юм бол. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл  шийдвэр гаргадаггүй, зөвлөмж л өгдөг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар хууль эрх зүйн үндэслэл барьж ийм шийдвэр гаргасан гэдгийг ойлгоогүй. Тавьж буй асуудлыг дэмжиж байна. Тэтгэвэр авагчдын зээлийн асуудал хүнд байгаа. Өнөөгийн эрх баригчид цалин, тэтгэврийг нэг л удаа найман хувиар нэмсэн. Бодит инфляцийн хөөрөгдөл хөдөө 10 гаруй, хотод 20 гаруй хувьтай байна.

Гэхдээ 700 гаруй тэрбум төгрөгийг хаанаас гаргах гээд байгаа юм.

Хоёрдугаарт, Салхитын мөнгөний орд ямар нөөцтэй юм. Хэзээ эргэлтэд орох юм. Сая сүр дуулиантай 50 кг мөнгийг Монголбанкинд тушаасан. 50 кг орд бол инээдтэй л мөнгө шүү дээ. Энэ ордын олборлолт, борлуулалт нь ямар байх юм нарийн тооцоо судалгаа байхгүй байна. Энэ орд ганц монголчуудын эзэмшил биш өөр орнуудын эзэмшилд бий.

Хөгшчүүдийг баярлуулчихаад дараа нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр элдэв шалтаг ярьж бүтэхгүй нь ээ гэж хэлээд Ерөнхийлөгчийг худлаа хэлүүлсэн болгочих  вий дээ. Ерөнхий сайд, УИХ-ын дарга ямар үндэслэлээр Ерөнхийлөгчид болно, бүтнэ гэж хэлсэн юм. Мэдээж Ерөнхийлөгч Ерөнхий сайд, УИХ-ын даргадаа итгэнэ. Манай Ерөнхий сайд, УИХ-ын дарга ч гайхалтай худлаа хэлнэ шүү дээ. Төсвөө хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталчихаад 700 гаруй тэрбум төгрөгийг хаанаас гаргах юм бол маш ойлгомжгүй байна” гэсэн юм.