www.isee.mn сайт улиран одож буй 2019 онд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг хүргэж байна.
2019 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр. М.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛСӨН Ч СИСТЕМ САЙЖИРСАН УУ
Чуулганы хуралдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь буюу 66.2 хувь дэмжсэнээр огцруулав. М.Энхболдыг огцруулах бичигт 39 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар манлайлан оролцож байв. Тэд М.Энхболдыг огцруулахыг шаардаж өрөөнийх нь хаалгыг өшиглөж, өөртэй нь уулзахдаа “Та зүгээр л огцор” хэмээн загнаж, Сүхбаатарын талбайд гэр хүртэл барьж суулт хийсний эцэст албан тушаалаас нь чөлөөлсөн юм. “60 тэрбум”-ын гол буруутан М.Энхболдыг огцруулчихвал Монгол улс системээрээ сайхан болчихно ухааны юм ярьж явсан ЖИДҮҮЧИН таван гишүүн төд удалгүй идэр есөөр жагссаныхаа шагналыг хүртэж албан тушаалд томилогдох нь томилогдож, хувийн бизнесээ цэцэглүүлэх нь цэцэглүүлсэн байдаг.
ХОТЫН ДАРГАА МӨН СОЛЬСОН НЬ: Дээрх үйл явдлаас төд удалгүй Хотын даргаас С.Батболдыг огцруулсан юм. Том зургаараа У.Хүрэлсүх, “УИХ-аа, Хоттойгоо” авсан нь энэ. Үзээгүй бичлэгийн шуугианы дуулианд “60 тэрбум”-ын хүн гэгддэг С.Батболд огцорч түүний оронд С.Амарсайхан зүтгэж байж Улаанбаатар хотын 33 дахь дарга болсон юм.
2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр: ХАРИУЦЛАГАГҮЙ КОМПАНИТАЙ ХЭН Ч ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДСАНГҮЙ
Төв аймгийн Заамар суманд алтны олборлолт явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн эзэмшлийн уурхайд нуралт үүсч, зургаан хүн дарагдсан бөгөөд онцгой байдлын аврагчид хоёр иргэнийг нурангин доороос эсэн мэнд гарган авсан юм. Харин сураггүй алга болсон дөрвөн хүнийг аврахаар МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажиллаж тэдний цогцсыг гарган авсан. Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар холбогдох дүрэм, журмыг баримтлалгүй хариуцлагагүй ажилласан “Эко Алтан Заамар” ХХК болон тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад алтны компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргасан. Гэтэл “Эко Алтан Заамар”-аас бусдынх үйл ажиллагааг хааж дуулианыг дарсан юм. Харин “Эко Алтан Заамар” ХХК өнөөдөр нэрээ өөрчлөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр. Хэдхэн хоногийн өмнө тус уурхайд мөн осол гарч нэг иргэн амиа алдсан билээ.
2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр. ТӨРИЙН ХАМГААЛАЛТТАЙ ОРДОНД ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН АСАН УЧИР БИТҮҮЛГЭЭР АМЬ НАСАА АЛДСАН НЬ
УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон байдаг.Тэрээр Монголын Автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон байна. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон.
МАН-ын нэр бүхий гишүүн нь Н.Номтойбаяр болох нь сүүлд тодорхой болсон. Тэрбээр худал мэдүүлэг өгсөн шалтгаанаар тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Уг хэрэгтэй холбоотой тодорхойгүй зүйлүүд маш их билээ.
2019 оны долдугаар сарын 13-ны өдөр: ДОПИНГТОЙ ТҮРҮҮ БӨХИЙН ДУУЛИАН
Монголчуудын үндэсний их баяр наадамд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Монгол улсын арслан Э.Оюунболд түрүүлж аварга цолыг хүртсэн. Дүрэм ёсоор наадамд тав даваж тунаж үлдсэн бөхчүүдээс шинжилгээ авахад хоёроос нь сэргээшийн шинжилгээ илэрсний нэг нь Э.Оюунболд аварга байлаа. Тэрбээр өөрийнх нь шинжилгээнээс сэргээш илэрснийг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийх үеэрээ “Зориуд зохион байгуулалттайгаар миний шээсийг сольсон байна. Би хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдсэн юм. Баяр наадмыг зохион байгуулах комиссоос Э.Оюунболдын “аварга” цолыг хураах шийдвэр гарсан ч энэ хэрэг хууль хяналтын байгууллагаар шалгагдаж дууссаны дараа албан ёсоор шийдвэрлэнэ гэснээр уг хэрэг шийдэгдэлгүй ойлгомжгүй байдал хүрэв.
2019 оны наймдугаар сарын 02-ны өдөр. МОНГОЛ НООЛУУР АНУ-Д
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Эл айлчлалаар олон чухал асуудал яригдсаны нэг нь Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүйгээр экспортлох асуудал юм. Уг яриа, хэлэлцээрийг ажил хэрэг болгохооор хоёр тал ажиллаж байна.
2019 ОНЫ есдүгээр сарын 9-ны өдөр. МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ АВАРГА ИРГЭНШЛЭЭ СОЛЬСОН НЬ
Монголчуудын хайрлаж, хүндэлдэг Хакухо Их аварга энэ онд Монгол улсын иргэнээс татгалзаж Японы иргэншилтэй болов. Тэрбээр иргэншлээ солих гэж буйгаа “Монгол тулгатны 100 эрхэм”-д оролцсон өөрийн нэвтрүүлгийн үеэрээ хэлсэн. Энэ талаараа яалт ч үгүй ояката болж дэвжээ эзэмшин, залгамж халаагаа бэлтгэхийн тулд иргэншлээ солихоос өөр арга байгаагүй гэж тайлбарласан билээ. Цаашлаад монголчуудыг Японы сүмод амжилт гаргахад түүний иргэншлээ сольсон шийдвэр том түлхэц үзүүлнэ гэж байсан юм. М.Даваажаргал Хакухо Японы мэргэжлийн сумогийн бөхчүүдээс хамгийн олон удаа ялалт байгуулж, хамгийн олон цомтой бөх юм. Хакухо Даваажаргал Японы эзэн хааны цомыг 42 удаа хүртэж, сумо бөхийн дэвжээн дээр 1120 ялалт байгуулжээ.
2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр. МОНГОЛ УЛС ЕВРОПЫН ХОЛБООНЫ СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН НЬ
ФАТФ-аас Монгол улсыг Саарал жагсаалтад оруулсныг албан ёсоор зарлав. Үр дүнд нь долларын ханш өнөөдөр 3000 төгрөг рүү дөхөж байна.
Дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагаас Монголын саарлаар үнэлэх болсон дөрвөн шалтгаан байсан юм. Тус байгууллагаас Монголд хугацаатай үүрэг өгсөн бөгөөд дөрвөн чиглэл өгсөн юм.
Саарал жагсаалтад орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.
2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр: МОНГОЛЧУУД БАГИЙН СПОРТООР АМЖИЛТ ГАРГАВ
Монголын сагсан бөмбөгчид 3х3 төрлөөр дэлхийд чансаагаараа эхний тавд багтан, олимп, ДАШТ-ээс бусад томоохон тэмцээнээс медаль хүртэв. Түүгээр ч үл барам нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй дэлхийн гран прид болон Азийн АШТ-д түрүүлж, эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020”-д өрсөлдөх эрх авч түүхэн амжилт гаргасан нь монголчууд багийн спортоор амжилт гаргадаггүй гэх ойлголтыг хол хаяв. 2020 оны олимпиор бид эмэгтэй сагсчдаа дэмжих нь.
2019 оны аравдугаар сарын 29-ны өдөр: 800 ХЯТАД БА МОНГОЛ УЛС
Өнгөрсөн аравдугаар сарын 29-30нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Гадаадын иргэн, харьяатын газар хамтарсан шалгалт явуулав. Тус шалгалтаар 783 гадаадын иргэний пасспорт, бичиг баримтад шалгалт хийсэн бөгөөд 637 нь жуулчин ангиллын, 146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн БНХАУ-ын иргэд бөгөөд Монголд ирж онлайн орчинд мөнгө угаах ажил хийж байсан нь шалгалтаар нотлогдсон юм. Тэднээс гурвыг нь одоо шалгаж буй бөгөөд бусдыг нь баривчилснаас гурав хоногийн дараа нутаг руу албадан гаргасан юм. Энэ нь Монгол улсын гадаад харилцааны салбар, хууль хяналтын байгууллагын ажил хэр түвшинд явуулж буйг харуулсан юм.
THE HU БА МОНГОЛЧУУД ДЭЛХИЙД УРЛАГАА “ЭКСПОРТЛОСОН НЬ”
Хүннү Рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “THE HU” хамтлаг дэлхийд мандсан жил өнгөрлөө. Тус хамтлагийн бүтээл АНУ-ын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээрт эрэмбэлэгдэж, Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудтай өрсөлдсөн юм.
The HU хамтлаг АНУ-ын томоохон групп E7-той гэрээ байгуулж 2019 онд Европ болон АНУ-г тойрон аялан тоглолтоо толилуулаад энэ сарын эхээр Монголдоо ирсэн юм. Тэдний Гэрэг нэртэй цомог Биллбоардын жагсаалтыг тэргүүлж, iTunes чартын хоёрдугаарт бичигдэв. Мөн тэд АНУ-ын рок хамтлаг “Папа Роач”-ын дуучин Жэйкоби Шаддиxтай хамтран “Wolf Totem” дуугаа шинэчлэн, Элтон Жоноос магтаалын үг сонсож, Хойд Америкийн хард рок урсгалын “Revolver” сэтгүүлийн нэрлэсэн шилдэг 10 клипийн нэгт “The Hreat Chinggis Khaan” дуугаараа багтав.
Өнгөрсөн сард тус хамтлагт Монгол улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан”-аар шагнасныг үүсгэн байгуулагч Б.Дашдондог гардан авсан юм.
ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДСОН ШАХМАЛ ТҮЛШ
Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шахмал түлш үйлдвэрлэх шийдвэр гарган бүтэн нэг жил бэлтгэл ажлаа хангав. Үйлдвэрээ барин, түүхий эд болох нүүрсээ Өмнөговиос зөөж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэснээр өнгөрсөн аравдугаар сард шахмал түлшийг худалдаанд гаргалаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эхлүүлсэн энэхүү ажил нь нүдэнд харагдах утааг бууруулсан ч олон хүний амийг авч одов.
Энэ нь нийслэлийн удирдлагууд шахмал түлшийг хэрхэн түлэх талаарх заавар болон ахуйн бэлтгэлээ хангах талаарх мэдээллийг иргэдэд эрт өгөөгүйгээс болсонтой холбоотой. Үүнээс үүдэн шахмал түлшинд угаартан найман тохиолдол бүртгэгдээд байна. Эмнэлэгт эмчлүүлээд гарсан хүмүүсийн тоо алдагдсан. Хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө нэг айлын гурван бага насны хүүхэд угаартаж нэг нь нас барсан бөгөөд ээж нь одоо эмнэлэгт ухаангүй байна.
Утаа буурсан гэж буй ч Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт өмнөх шигээ тааруу, хүхэрлэг хийн хэмжээ ихэдсэн гэх мэдээлэл бий билээ. Шахмал түлшний олдоц муу, хүртээмж буй байгаа нь одоо ч иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар байна.
2019 оны аваннэгдүгээр сарын 19-ны өдөр. МОНГОЛЧУУД ТӨМӨР ЗАМАА ТАВЬДАГ ЦАГ ИРСЭН НЬ
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих газрын тосны үйлдвэрээс зүүн тийш хэвтээ тэнхлэгт 12 км-ийн урттай төмөр замыг энэ онд ашиглалтад орууллаа.
Тус зам нь тосны үйлдвэрийн түүхий эдийг зөөх, тээвэрлэх, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон дэд бүтэц болох юм.
Мөн 2012 онд УИХ-аар баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн дагуу Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэх төмөр замыг тавих ажлыг мөн эхлүүлээд байна.
2019 оны арваннэгдүгээр 14-ны өдөр. 20 ЖИЛ ЯРИГДСАН ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛЛӨӨ
Хорь гаруй жил яригдаж, сүүлийн 3 парламент дамжин идэвхтэй өрнөсөн, 4 төсөл өргөн баригдсан Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа.
Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүллээ. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн эх өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, зуны сард ч завсарлагагүй ажилласан. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг 36 удаа 105.9 цаг хэлэлцжээ. Улсын Их Хурлын гишүүд төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, иргэдээс 306 мянган санал ирсэн байна.
Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарсан. Эдгээр санал нэг бүрийг нухацтай авч үзэж, хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж, баталж байгаа юм.
ҮНДСЭН ЦЭЦИЙН ДАРГА БА МОНГОЛЫН НЭР ХҮНД
2019 онд Монголын дипломатч гадаадад хар тамхи болон тамхи зөөвөрлөж яваад баригдсан хэд, хэдэн тохиолдол бүртгэгдэв. Дипломатуудын хууль зөрчсөн үйлдлүүд шил шилээ даран илрэхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Одбаяр БНСУ-руу явах замдаа Корэйн Эйр компанийн онгоцны үйлчлэгчийн биед зөвшөөрөлгүй гар хүрч, Монгол улсынхаа нэрийг дэлхийн дахинаа “цуурайтуулав”. Түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж тус улсын хууль хяналтын байгууллагаас 10 сая вонноор торгоод нутаг буцаасан юм. Гэхдээ тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаас огцорч цэцийн гишүүнээрээ үлдсэн нь одоо ч иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар байна. Түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргаас бус гишүүнээсээ ч татгалзах ёстой хэмээн шаардаж буй.