Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын “SpaceX” компанийн зах зээлийн асуудал хариуцсан Ахлах менежер Р.Хантер-ийг хүлээн авч уулзсан талаар АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.
Уулзалтын үеэр Ахлах менежер Р.Хантер "Старлинк" компанийн интернэт үйлчилгээний шинэ техник, технологи, Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг оруулах, цахим төлбөрийн системийг нэвтрүүлэх чиглэлээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Элчин сайд Ө.Батбаяр Монгол Улсын Засгийн газрын төрийн цахим шилжилтийн “Цахим үндэстэн” зорилтын хүрээнд дижитал дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, цахим засаглалыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлог арга хэмжээнүүд болон олон улсын стандартад нийцсэн төлбөрийн дижитал системийг нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар танилцуулж, төлбөрийн дижитал шийдлийг нэвтрүүлэх болон нам орбитын интернэт үйлчилгээг оруулах чиглэлээр “SpaceX”, "Старлинк" компани Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай дэмжлэг үзүүлэх, цаашид төлбөрийн системийг нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцсон байна.