Соёл төв өргөө болоод Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд байрлах АН-ын төв байр буюу “Хүзүүвч” гэж нэрлэдэг байсан байшин болон газрыг буцааж өгөхийг тус намын зарим гишүүд Худалдаа хөгжлийн банк /ХХБ/ болон тус банкны эзэн Д.Эрдэнэбилэгээс шаардах болсон.
Иймд өнгөрөгч наймдугаар сар /2023.08.21/-д АН-ын гишүүн А.Цэрэнбат, Х.Алтанхуяг нарыг Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон хүлээн авч уулзан, ямартай ч АН-ыг байртай болгоё хэмээн тохирсон байдаг. Тэгвэл АН-ын байр өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй, тус нам С.Зоригийн хөшөөтэй байранд түрээс төлөн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Учир нь Худалдаа хөгжлийн банкны зүгээс УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатын эзэмшлийн "Залуучууд зочид" буудалд өрөө гаргаж өгье, тус байрнаас АН-ыг үйл ажиллагаагаа явуулчих гэсэн саналыг тавьсан байна. Харин тус намын зарим гишүүд үүнийг нь хүлээж аваагүй ажээ.
Сонирхуулахад, УИХ-ын сонгууль бүрээр АН-ын төв штаб тус зочид буудалд байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус зочид буудлын эзэн Д.Эрдэнэбат нь ХХБ-ны захирал асан Мэдрээ нартай МҮДН гэх нэг фракцад харьяалагддаг байна.