ТОДРУУЛГА: Төв аймагт орсон их хэмжээний аадар борооны улмаас 680 гаруй тоо толгой мал, хоёр өрхийн гэр үерт урсжээ

ТОДРУУЛГА: Төв аймагт орсон их хэмжээний аадар борооны улмаас 680 гаруй тоо толгой мал, хоёр өрхийн гэр үерт урсжээ

Өнгөрсөн шөнө буюу зургаадугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгаар их хэмжээний аадар бороо орсны улмаас зарим газар үерийн усанд автаж зам талбай нурж сүйдсэн, айлын мал үерт урссан хэрэг гарчээ.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэсант суманд өнгөрсөн шөнө их хэмжээний аадар бороо орж, үер буусны улмаас 680 гаруй тоо толгой мал үерт урссан гэх мэдээллийн дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Дуудлага хүлээн авагч, дэд ахлагч х.Хулангаас тодрууллаа.

Тэрбээр, “Урд шөнө орсон их хэмжээний аадар борооны улмаас хоёр айлын нийт 680 гаруй мал үерт урссан. Үүний 428 толгой мал хорогдсоноос 372 хонь, 56 ямаа байсан. Тус газар нь Төв аймгаас баруун зүгт 287 км, Эрдэнэсант сумаас баруун зүгт 26 км-т орших Баян-Уул багийн Хангинахын ам гэдэг газарт оршин сууж байсан хоёр өрхийн данстай нэг хотны 680 гаруй мал юм билээ.

Тус сумын төвд дөрвөн айлын банзан хашаа нурсан. Гурван машин замын хажуугийн үерт автаж шаварт суусан байсныг эсэн мэнд гаргасан байна. Мөн Баян-Уул сумын Буянт багийн иргэн Н, П гэх хоёр иргэний таван ханатай гэр нурсан.

Тариалангийн талбай болох дөрвөн аж ахуйн нэгжийн 1070 га газар мөндөрт цохиулж, 760 га газар нь дахин тариалан эрхлэх боломжгүй болсон бөгөөд 300 га талбай нь сэргэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.

Эрдэнэсант сумын ЗДТГ-ын гурван автомашинтай 14 ажилтан үүссэн нөхцөл байдлын газар дээр нь очиж ажилласан. Иргэний амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ.