Б.Ариунзул: Амиа алдсан ахынхаа хэргийг шүүлгэхээр ГХЯ, ЭСЯ-аас тусламж гуйсан. Гэвч биднийг БНСУ-ын цагдаад өгсөн /LIVE/

Б.Ариунзул: Амиа алдсан ахынхаа хэргийг шүүлгэхээр ГХЯ, ЭСЯ-аас тусламж гуйсан. Гэвч биднийг БНСУ-ын цагдаад өгсөн /LIVE/

БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан монгол иргэний талаар иргэн Б.Ариунзул мэдээлэл хийлээ.

Талийгаачийн дүү Б.Ариунзул “Манай ах эхээсээ хоёулаа айлын ганц хүү байсан. Энэ хэргийн араас миний ээж солонгос улсад очиж дүүгийнхээ төлөө ганцаараа хөөцөлдөөд явж байна. 2021 оны зургаадугаар сарын 29-нд манай ах гэртээ нас барсан байдалтай олдсон. Бусдын гарт ам насаа алдсан байж болзошгүй байдалтай байсан. Үүнээс хойш хоёр жил өнгөрсөн боловч хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй. Ямар нэгэн тодорхой шийдвэр гардаггүй. Манай ээж 2021 оны наймдугаар сарын 4-нд дүүгийнхээ үхлийн шалтгааныг тогтоохоор Солонгос улсыг зорьсон. Очсоноосоо хойш уулзаагүй байгууллага, ороогүй газар гэж байхгүй. Солонгос талын өмгөөлөгч нартай, хүний эрхийн байгууллагатай уулзаж байсан. Үүний хариуд солонгосын талаас бид энэ хэргийг өмгөөлөхгүй гэх хариу өгдөг. Мөн бид БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас маш их тусламж гуйсан. Улсын өмгөөлөгч гаргаад өгөөч. Хэргийг үнэн зөвөөр шийдэхэд туслаач гэдэг боловч элчингээс ямар ч туслалцаа үзүүлдэггүй.

Бид энэ хэргийг яагаад гаднын нөлөөтэй гэж үзэж байна вэ гэхээр өмнө нь хэд хэдэн удаа ахад маань захирал нь цалингаа нэхсэний төлөө гар хүрч байсан. 2,3 удаа цалингаа өгөхгүй гар хүрсэн баримт бидэнд байна. Цаашлаад задлангын хариугаар хоолойн сэртэнгийн яс хугархай гэж гарсан. Энэ хугархайг солонгос тал язралтын улмаас хугарсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Яг үнэндээ энэ яс хүнийг зөвхөн багалзуулдаж, боомилсон тохиолдолд хугардаг. Тиймээс энэ гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Мөн талийгаачийг гэрт нь 20 хоног байлгасан. 20 хоног илжирч муухай болох хүртэл нь байлгасан байсан. Энэ хэрэг дээр ГХЯ, ЭСЯ-нд маш их гомдолтой байгаагаа илэрхийлмээр байна. Гадаад харилцааны яамтай хоёр жилийн турш уулзаж, хэрэгт өмгөөлөгч гаргаад үнэн зөв шийдвэрлэхэд туслаач гэхээр огт хөдөлдөггүй. Бидэнд тийм боломж байхгүй. Бид тэгэх ёсгүй гэсэн хариу хэлдэг. Мөн солонгост элчин дээр очиж гуйхаар цагдаад бариад өгчдөг. “Энэ хүн бидний ажлыг хийлгэхгүй байна” гээд элчин ээжийг маань цагдаад өгдөг.

Дүүгийнхээ хэргийг шийдвэрлүүлхийн тулд өмгөөлөгч хүсэж л очсон хүнийг цагдаад өгөөд явуулчдаг. Цагдаа нь 24 цагаар гавтай байлгадаг. Эцэст нь Хууль зүйн яамнд хандсан. Х.Нямбаатар сайдад өөрөө өргөдөл бичиж өгсөн. Сайд нь өргөдөл хүлээж авсан ч юм уу. Үгүй ч юм уу. Газрын албаны дарга н.Билгүүн гэдэг хүн нь намайг хүлээж авч уулзаад өмгөөлөгчийн тусламж үзүүлнэ гэсэн боловч сар гаран болж байхад юу ч байхгүй. Харин солонгос талаас энэ хэргийг хоёр, гурав дахь удаагаа хаалаа. Бидний хамгийн их гомдолтой байгаа зүйл нь ах маань гэрээсээ хорь хонгийн дараа хүн гэж хэлэхэд хэцүү илжирсэн, тархи нь усажсан байдалтай олдсон. Маш их ялзарал явагдаж, тархи нь байхгүй болж, яс нь үлдсэн байсан. Тэгээд нэг муухай зургийг манай ах гэж байгаа юм. Бид тийм аймшигтай юмыг хүнээ гэж таних хэцүү. Солонгос руу “бидний зөвшөөрөлгүй задлан битгий хийгээрэй. Бид өөрсдөө очиж харж байж хийлгэнэ шүү” гэж байхад задлан хийгээд таниулаачгүй чандарласан. Бид ерөөсөө зурагнаас өөр юм хараагүй. Зурган дээр байгаа хүний задлангийн бүртгэлийг авах гэж очиход, тэр газартаа бүртгэлгүй байсан. Бүтгэгдээгүй гэсэн үг. Хэн гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр зурган дээр байгаа хүн ах маань гэдэгт яаж итгэх вэ. Бид эргэлзэж байна. Бид нас барсаныхан дараа шуурхай очиж чадаагүй учир тэнд байдаг эгчийгээ гуйж “цогцос таниад чандарлаад өгөөч” гэж гуйсан. Гуйлтын дагуу эгч маань очсон боловч тухайн эмнэлэг цогцосын  таниулаагүй буцаасан байсан. Тэгсэн хэрнээ солонгос талаас манай эгчийг очиж цогцос таниад гарын үсэг зурсан гэх бичиг хийж явуулсан байгаа юм. Одоо бидний зүгээр хүсэх зүйл нь Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалж, хэргийг үнэн зөв шийдэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас тусламж хүсэж байна. Солонгосын тал зодсон хүмүүсээ хүртэл хамгаалж чадаж байна. Миний ээжийг маш их дарамталж байна. Иймд бидэнд туслаач гэж хүсэж байна" гэлээ. 

ҮЗЭХ: