Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан “Шинэ нам”-ын дарга Ж.Батзандан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж явах үеэрээ дараах мэдээллийг өгчээ.
Тэрбээр "С.Зориг агсан бол Монголын эрх чөлөө, хүний эрх эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон агуу удирдагч юм. Тэрбээр ганцхан ардчилсан намын удирдагч биш Монголын үндэсний удирдагч юм. Яг өнөөдөр Монгол оронд хүний эрхийн зөрчил хэрээс хэтэрч, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг шоронд хорьдог харанхуй нийгэм, цаг үе нөмөрч байна. Олон залуусыг улс төрийн хэргээр эрх баригчид шоронд хорьж байна. Яг энэ цаг үед Монголын ардчилсан хүчнүүд нэгдэн, нийлж С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, хүний эрхийн төлөө хамтрахаар болсон нь маш сайн зүйл юм.
С.Зориг агсныг 1998 онд хороосон нөхөд өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа. Монголын ардчилал, эрх чөлөөний манлайлагчийн амь насыг хороогоод жирийн ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлэх гэж оролдсон бузар хэрэг өчигдөр төгсгөл боллоо.
Түр хорооны даргын хувьд С.Зориг агсны хэргийг үнэн мөнөөр тогтоож, буруутай этгээдэд хуулийн хариуцлага тооцох өдөр ирнэ гэдэгт үргэлж итгэдэг. Монголын ардчиллыг, С.Зориг агсныг хөнөөсөн нөхөд үнэнд гүйцэгдэж байна. Намайг Хөгжлийн банкны хэргээр шалгаагүй. Намайг мафийн эсрэг тэмцсэн гэж шоронд хорьсон юм. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн гэж Ж.Батзанданг шоронд хорьсон. Ж.Батзанданг хорьж байгаад хоёр сарын өмнө сулласан. Удахгүй надад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болно. Ж.Батзанданд холбогдох хэрэг худал гүтгэлэг гэдэг нь удахгүй тогтоогдож хэрэгсэхгүй болж би цагаадна. Шударга ёсны төлөө тэмцсэнээс өөр хэргийг би хийгээгүй. Эрх баригч намын толгой нь эргэсэн байна. Эрх баригчид амьдралаас тасарсан байна. Тэдний гаргаж буй шийдвэр бүр үндсэндээ буруу болж байгаа. Мөхөх төрд бурхан ухаан хайрладаггүй гэдэг үг бий. Манай эрх баригчид удахгүй Монголын төрөөс зайлах нь тодорхой болжээ. Шүүр ажиллагаа эрх баригчдыг өөрсдийг нь шүүрдэх цаг ирж байгаа гэж ойлгож байна. Б.Содномдаржаа, С.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэсэн гэдгийг би хамгийн ихээр ярьж байсан" гэлээ.