ШУУРХАЙ: С.Эрдэнэ “АН-ын даргаар Л.Гантөмөрийг зөвшөөрч” өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд хамтдаа цэцэг өргөхөөр болжээ

ШУУРХАЙ: С.Эрдэнэ “АН-ын даргаар Л.Гантөмөрийг зөвшөөрч” өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд хамтдаа цэцэг өргөхөөр болжээ

Өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02/-д хуралдсан Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчдийн хурлаар “Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж” тогтоол үйлдсэн. Харин УДШ-ийн тус тогтоол, шийдвэрийг С.Эрдэнэ хүлээн зөвшөөрөхгүй хэмээж АТГ болон Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсны зэрэгцээ, АН-ын тамгыг ч Л.Гантөмөрт өгөхгүй байгаа гэдэг.

Иймд С.Эрдэнэд хадгалагдаж буй 9020120477 дугаартай АН-ын тамгыг хүчингүй болгуулахаар өнгөрөгч долоо хоног /2023.04.12/-т Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т Л.Гантөмөр хандсан байдаг. Харин өнөөдрийн байдлаар УБЕГ-ын шийдвэр гараагүй байгаа аж.

Тэгвэл өчигдөр /2023.03.19/ орой С.Эрдэнэ өөрийнх нь дэргэд үлдсэн цөөн хүмүүстэйгээ хуралдаж, “АН-ын даргаар Л.Гантөмөрийг хүлээн зөвшөөрч”, өнөөдөр /2023.04.20/ болж буй С.Зориг агсны төрсөн өдрийг тохиолдуулсан “Төв шуудан”-ын урд байрлах түүний хөшөөнд Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар хамтдаа 09:30 цагт цэцэг өргөхөөр болжээ.

Харин С.Эрдэнэ ямар тохиролцоонд хүрч “Л.Гантөмөрийг АН-ын дарга” хэмээн хүлээн зөвшөөрч байгаа нь анхаарал татаж байна. Тус намын зарим эх сурвалжууд, АН-ын дэд дарга, Үндэсний бодлогын хорооны дарга, ЕНБД зэрэг албан тушаалд нэр дэвшигчдийг өрсөлдүүлж, санал хураалт явуулж торуулна гэж тохирсон гэх мэдээллийг өгч байна. Мөн нөгөө талаар Х.Баттулга өөрт нь хадгалагдаж байсан АН-ын гэрчилгээг саяхан Л.Гантөмөрт өгсөн бол, С.Эрдэнэ өөрт нь байгаа АН-ын тамгыг тус намын удирдлагуудад өгч магадгүй байгаа аж. Ингэснээр УБЕГ-т гаргаад буй “9020120477 дугаартай тамгыг хүчингүй болгуулах” хүсэлтээ Л.Гантөмөр татаж авах ажээ.

Сонирхуулахад, өчигдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, хааж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ц.Нямдорж нар мэдээлэл хийсэн. Тэгвэл хачирхалтай нь өнөөдөр /2023.04.20/ С.Зориг агсны төрсөн өдөр тохиож, тэрээр амь сэрүүн байсан бол 61 насыг хүрэх байжээ. Тэрээр 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төрсөн аж.




Өнөөдөр хонь өдөр

9 цагийн өмнө