Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үргэлжлүүлэн шалгана

Х.Нямбаатар: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үргэлжлүүлэн шалгана

Засгийн газрын өнөөдрийн /2023.04.19/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон" талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Тэрбээр "   Монгол Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсныг улс төрийн зорилгоор алсан гэх хэрэгт шалгагдаж гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдон хожим шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд шүүхийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин нэмэлт, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт шалгагдсан С.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг өнөөдөр хэрэгсэхгүй болгож нийслэлийн прокуророос шийдвэрлэлээ. 

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанд уг хэргийн талаар танилцуулсан. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хошууч Бархасбадиар ахлуулсан баг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. 2015 оны есдүгээр сарын 01-ний өдөр сэжигтнээр тооцож тогтоол гарсан. Мөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дээр дурдсан нэр бүхий гурван иргэнийг яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас гаргасан. Улмаар шүүхээс тус гурван иргэнд тус бүр 20 жилийн хорих ял оноосон. Эдгээр хүмүүс ялаа эдэлж байх явцад уг хэргийг мөрдөн шалгаж байсан нэр бүхий албан тушаалтнууд тус хэрэгт холбогдсон хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинээр илэрсэн нөхцөл байдал байсан учраас Ерөнхий прокуророос хэргийг дахин хянаж үзэх саналаа Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх уг асуудлыг хянаж үзээд өмнө нь гаргасан гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож уг хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн. 

Мөрдөн байцаах ажиллагааг урт хугацаанд үргэлжилсэн. Мөрдөн байцаалтаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг ажилласан. 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах харьяанд харьяалуулсан. Өмнө нь Тагнуулын ерөнхий газарт уг ажлыг хэсгийг төвлөрүүлж байсныг өөрчилсөн гэсэн үг. Гэхдээ тус хоёр байгууллагын ажилчид хамтарсан.

Улмаар С.Чимгээ, Б.Содномдаржаад нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг өмнө нь дөрвөн удаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн. Нийслэлийн прокурорын газар тодорхой ажиллагаа хийх даалгавруудыг эргэж хүргүүлж байсан. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 23-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас С.Чимгээ, Б.Содномдаржаад нарт хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дахин хүргүүлснийг Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр шийдвэрлэсэн байна.

Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн тухай энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдэл, холбогдлынхоо эрхээ хамгаалуулах, хуулийн байгууллагын ажилтнуудын хууль бус үйл ажиллагаанаас болж учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна. 

Мөн уг хэрэгт гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэг бас давхар шалгагдаж байна. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх Эрүүгийн хэрэг бүртгэл үүсгэх саналаа прокурор, цагдаагийн газраас тавихаар хангагдаж байна. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг үргэлжлүүлэн шалгана. Энэ ажиллагааны хэсгийг Эрүүгийн цагдаагийн газрын дарга Сүхболдоор ахлуулсан. Энэ кэйс олон улсын хүний эрхийн байгууллагуудын судалж буй үйл явдал.Тиймээс цаашид ийм хэрэг гаргахгүй байхад маш их анхаарах шаардлагатай болсон" гэлээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө