Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлал хийнэ. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард буюу БНХАУ-ын Гадаад хэргийн Ван И-ийн манай улсад хийсэн айлчлалын үеэр айлчилна гэж байсан ч ковидын улмаас түр хойшлуулсан.
Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалаар Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцах нь. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно. Үүнээс гадна Олон улсын авто тээврийн харилцааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. А.Дуда 2015 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2020 оны сонгуулиар мөн ялалт байгуулсан юм.
Ташрамд дурдахад, Польш Улсын Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 2022 оны дарга Збигнев Рау 2022 онд манай улсад айлчлахдаа Ерөнхийлөгчийнхөө энэ удаагийн айлчлалын талаар холбогдох албаныхантай ярилцаад явсан байдаг.