Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн /2023.04.12/ хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон Онцгой дэглэм болон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг дахин зургаан сараар сунгах шийдвэрийг гаргасан.
Уг шийдвэрийг гаргасантай холбогдуулан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Тогтоолын төслийг ЭНД дарж унших. Уг төслийг өнөөдөр /2023.04.18/ Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.
Онцгой дэглэм тогтоосон 2022 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш 5 сарын хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээ бүхий 13.0 сая тонн нүүрс борлуулсан. Онцгой дэглэмийн хугацааны сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан. Өнгөрсөн 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж, төсөвлөсөн цэвэр ашгийг 56 хувиар давуулан биелүүлж, цэвэр ашиг 1.3 их наяд төгрөгт хүрсэн. Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, 224 мянган тонн коксжих нүүрс, 192 мянган тонн эрчим хүчний нүүрс, нийт 416 мянган тонн нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр амжилттай борлуулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж буй. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг 6 сараар сунгах, уг онцгой дэглэмийн хугацаанд холбогдох хуульд заасан асуудлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болон тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих, дагаж мөрдөх хугацааг уг тогтоолын төсөлд тусгажээ.