ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдыг 326 сая төгрөгөөр хохироосон ноцтой баримтыг иргэн Т.Бат-Эрдэнэ дэлгэж хэвлэлийн хурал хийв.
Тодруулбал ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгс Номун Виллаж хотхоны 106.5 мкв дөрвөн өрөө орон сууцыг худалдан авахаар 2014 оны 09 дүгээр сарын 23-нд гэрээ байгуулж, шинэ байрандаа оржээ. Гэвч Б.Жавхлантөгс нь өнөөдрийг хүртэл орон сууцны нийт үнэ болох 298.200.000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй аж. Тиймээс компаниас 2018 оны 01 дүгээр сард байр чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж, цагдаагийн байгууллагад ханджээ. Гэвч П.Оюунчимэг хуулийн байгууллагад нөлөөлж, хэргийг удаашруулж байгааг компанийн төлөөлөл хэлж байна.
Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Яг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч тун удахгүй хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах гэж байгаа. Тиймээс Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-д хандаж энэ хүнийг албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж байна. Хуулийн байгууллага нь хөөн хэлэлцэх хугацаанаас нь өмнө энэ асуудлыг шийдэж өгөөч гэж байгаа юм. Хуулийн байгууллагууд нь дахин шалгая гэдэг байдлаар хэд хэдэн удаа буцаагаад хугацаа нь дуусахаар хэрэг нь хаагддаг. Эцэст нь иргэд хохирдог. Ийм байж болохгүй. " гэв.