Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ой тохиож байна

Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ой тохиож байна

Өдгөө нэгэн жарны тэртээ гал голомтоо бадрааж асан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нийслэлчүүдээ ундаалж эхэлсэн түүхт ойгоо тэмдэглэж байна.

Улаанбаатар хотод ус сувгийн төвлөрсөн системийн барилга байгууламжийг 1956 оноос хойш барьж эхний хэсгийг 1959 онд ашиглалтад оруулсанаар Сайд нарын зөвлөлийн 196 дугаар тогтоолоор ус сувгийн ашиглалтыг эрхлэх газрыг байгуулжээ. Улмаар 1959 оны 11 дүгээр сарын 19-ний энэ өдөр Туул голын ай саваас газрын гүний усыг цахилгаан хөдөлгүүрт насосоор олборлон, дамжуулан шахаж, төвлөрсөн системээр нийслэлчүүдэд цэвэр цэнгэг усны анхны дээжийг түгээж эхэлсэн түүхтэй.

УСУГазар нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр, аж ахуйн нэгж газруудыг стандартын шаардлага хангасан цэвэр усаар тасралтгүй, найдвартай, хэвийн хангах, гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх амаргүй агаад нэр хүндтэй, хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж ирсэн хамт олон юм.

Нийслэлийн УСУГазрын дарга Ц.Төрхүү баярын хурлын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Манай хамт олон Улаанбаатар хотын ус хангамж ариутгах татуургын систем, тоног төхөөрөмжийг үе шаттай шинэчлэн сайжруулах, мэдээллийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, орон сууцанд оршин суугч нэг хүнд ногдох усыг зохистой хэмжээнд хүргэж, ариг гамтай хэрэглэх ухамсарт хэрэглээг хэвшүүлэх зэрэг шинэ санал, санаачилгууд бидний өмнө урган гарч хэрэгжүүлэн ажилласаар байна. Дэлхийн жишигт хүрсэн мэргэжлийн байгууллага байх их үйлсэд бидэнтэй хамтран ажиллаж, цаг ямагт дэмжин ажиллаж ирсэн Монгол Улсын төр, нийслэлийн удирдлага, УСУГазрын үе үеийн удирдлага, хамт олон та бүхэндээ баярын мэнд хүргэе” хэмээлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын УСУГазарт Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар төрийн дээд шагнал “Алтангадас” одон  хүртээснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул хүндэтгэлтэйгээр гардуулан баяр хүргэсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхийн илгээсэн баярын хүндэтгэлийн илгээлтийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн уншиж танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан УСУГазрын баярын хуралд уригдан оролцож хэлсэн үгэндээ ”УСУГазар бол нийслэлийн амин чухал салшгүй хэсэг нь билээ. Нийслэлээс гэр хорооллын оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр Баянхошуу, Сэлбэ, Толгойт, Шар хаданд дэд төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг идэвхитэй өрнүүлж усан сангуудыг технологийн өндөр түвшинд байгууллаа. Мөн БНХАУ-ын нэг тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээлээр хоногт 250.000 шоо метр бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтанд оруулах, Улаанбаатар хотын цэвэр бохир усны шугам сүлжээ болон байгууллагын үйл ажиллагааг алсаас хянаж удирдах зорилттой хяналт удирдлагын төвийн скада системийг хөгжүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ. Хотын ажил амьдралыг тасралтгүй авч явж буй та бүхэндээ ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээгээд эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гаргасан нэр бүхий хүмүүсийг нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Түүнчлэн Барилга хот байгуулалтын яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн хороо, УСУГазрын хүндэт шагналыг хамт олноо манлайлан ажилласан мэргэжилтэн, инженер техникийн зарим ажилчидад гардуулсан юм.




Өнөөдөр туулай өдөр

6 цагийн өмнө