Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сангийн нээлт боллоо

Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим сангийн нээлт боллоо

Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах, зохион байгуулах чиг үүргийнхээ хүрээнд  Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөс “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-г бүрдүүлэн, программчлалын ажлыг хийж гүйцэтгэснийг өнөөдөр  /2019.11.18/  албан ёсоор нээлээ.

Бүртгэл мэдээллийн сангийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Батжаргал, БХТ-ийн Тэргүүн дэд захирал Б.Ганболд, БХТ-ийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд тэргүүтэй холбогдох хүмүүс оролцлоо.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Барилгын тухай хуульд салбарын  нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн журмыг баталж, түүнийг ашиглах, хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах үүргийг төрийн захиргааны төв байгууллага хариуцна хэмээн заасан байдаг. Энэ дагуу “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн журам”, Барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах журам”-ыг тус тус 2017 онд сайдын чиг үүргийнхээ хүрээнд баталж, мөрдүүлэн ажиллаж байна. Эдгээр хууль, журмын хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын 2018 оны 51 дүгээр тогтоолоор төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгүүлэхээр холбогдох шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулсан. Барилгын хөгжлийн төв чиг үүргийнхээ хүрээнд дурдагдсан журмуудын дагуу “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-г бүрдүүлж, хөтөлж ажиллахын зэрэгцээ төрийн байгууллагын цахим засаглалыг хөгжүүлэх, дижитал шилжилтийг нэн тэргүүнд нэвтрүүлэх зорилгоор дээрх цахим программыг боловсруулсан байна. Энэ ажлын үр дүнд төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, үнэн зөв, бодитой мэдээллийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түргэн шуурхай, ил тодоор Монгол орны аль ч цэгээс интернетээр авах боломж бүрдэж байгаа явдалд талархаж байна” хэмээгээд энэхүү ажлын хэрэгжилтийг бүх шатанд хангах, уялдаа холбоог сайжруулж, цаашид боловсронгуй болгох талаар холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Бүртгэл мэдээллийн сан ашиглалтад орсноор салбарын хууль эрх зүй, норм норматив, баримт бичиг, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тэдгээрийн ажиллах хүчин гэх мэт мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэхийн зэрэгцээ салбарын мэдээллийг харилцан уялдаатай ашиглах, тусгай зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох, салбарын мэдээ, мэдээллийг нэгтгэх, 21 аймагт тусгай зөвшөөрөлтэй ААНБ-уудад үйлчилгээ үзүүлэх эрхийг цахимаар нээх, салбарын мэдээллийн түүх үүсгэх, тоон үзүүлэлт бүхий тайланг гаргах, тоон үзүүлэлтэд тулгуурлан судалгаа хийх, мэдээллийг нээлттэй ашиглах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн уг мэдээллийн сан нь барилгын материалын үйлдвэрлэл, эрдэс түүхий эд, тус салбарт шаардлагатай мэргэшлийн зэрэгтэй, дээд боловсрол эзэмшсэн инженер техникийн ажилтны судалгаа гаргах, барилгын норм, нормативын сангийн төвлөрөлтийг хянах, тусгай зөвшөөрөл олгож буй Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй мэдээллийг уялдуулан боловсронгуй болгох, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай хамтран ажиллах үйл ажиллагааг хялбарчилж өгч байгаагаараа онцлогтой юм.

“Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан”-д дараах мэдээллүүд багтсан бөгөөд үүнд:

• Хууль, эрх зүй

• Норм, норматив

• Тусгай зөвшөөрөлтэй -ААНБ-ын мэдээлэл /8900, давхардсан тоогоор/

• Инженер техникийн ажилтны мэдээлэл /15000/

• ААНБ-ын үйл ажиллагааны тайлан мэдээ

• Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын дагуу батлагдсан амины орон сууцны загвар зураг

• Ашиглалтад орсон барилга байгууламжийн мэдээ

• Салбарын судалгаа

• ОСНАА мэдээлэл

• Барилгын материалын үнийн мэдээ

• Барилгын материалын үйлдвэрийн мэдээлэл

• Түгээмэл тархацтай орд газрын мэдээлэл

• Улсын төсвөөр хэрэгжиж буй барилга, байгууламжийн явцын мэдээлэл зэрэг нэгдсэн мэдээлэл бүрдэж байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө