Өнгөрөгч 2022 оны есдүгээр сард Соёл урлагийн их сургуульд /СУИС/ бэлгийн хүчирхийллийн хэрэг гарсан байна.
ВИДЕО:
Тодруулбал, 2022 есдүгээр сарын 20 /2022.09.20/-ны өдөр СУИС-ийн Театр урлагийн сургуулийн жүжигчний 4 дүгаар ангийн оюутнууд доод ангийн буюу жүжигчний 3 дугаар ангийн гурван эмэгтэй оюутанд хүч хэрэглэн ангидаа оруулж хувцсыг нь тайлж нүцгэлэн улмаар биеийнх нь эмзэг хэсэгт хүрэх зэрэг үйлдэл гарган бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Тэд хүчирхийллийн үйл явцаа гар утасныхаа камераар бичиж авсан байна. Хэрэг гарах үед жүжигчний 4 дүгээр ангийн 20 оюутан байснаас 16 нь тус хэрэгт холбогджээ.
Хэрэг гарснаас хэсэг хугацааны дараа хохирогч охид ангийн багш Н.Ганхуяг болон сургуулийн захиргаа, цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тухайн үед охидын гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн газраас тус хэргийг шалгасан бөгөөд өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сар /2022.11/-д прокурорт шилжүүлжээ.
Гэтэл прокурорын байгууллага тус хэргийг шалгалгүй удаасны эцэст хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж буйгаа өнгөрсөн лхагва гарагт /2023.02.8/ хохирогч охид болон ангийн багш Н.Ганхуяг нарт хэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "хүчирхийлэл үйлдсэн оюутнуудын эцэг, эх прокурорт нөлөөлж тус хэргийг хаахад нөлөөлсөн байх магадлалтай гэнэ. Учир нь тус оюутнуудын эцэг, эхчүүдийн дунд эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүс байгаа аж. Хэрэг гарсны дараа хүчирхийлэл үйлдсэн оюутнуудыг хичээлд нь суулгахгүй байх арга хэмжээг сургуулийн захиргаанаас авсан ч тэдний эцэг, эхчүүд нь гомдол, санал гаргаснаар хичээлд нь буцаан хамруулах болсон байна. Одоо тус оюутнууд СУИС-даа сургалтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм байна.
Тэгвэл "хэрэг явдлын баримтууд сургуулийн захиргаанд байгаа" гэх бөгөөд тухайн үед багш, ажилтнууд Эрүүгийн цагдаагийн газарт гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Бид хохирогч охид болон Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн, ангийн багш Н.Ганхуяг нараас мэдээлэл авч тус мэдээллийг бэлтгэлээ.