Канадын яруу найрагч Энн Карсон Утга зохиолын Нобелийн шагнал хүртлээ

Канадын яруу найрагч Энн Карсон Утга зохиолын Нобелийн шагнал хүртлээ

Канадын яруу найрагч, зохиолч, орчуулагч Энн Карсон 2026 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртлээ.

Түүнийг сонгодог уран зохиолын уламжлалтай шинэлэг, өвөрмөц хэлбэрээр харилцан холбож, орчин үеийн утга зохиолд шинэ хэлбэрүүд бий болгосон бүтээл туурвилыг нь үнэлэн уг шагналыг олгожээ.

Шведийн Академиас аравдугаар сарын 8-нд зарласан шийдвэртээ түүний бүтээлүүд сонгодог уламжлалтай бүтээлчээр харилцаж, орчин үеийн утга зохиолын илэрхийллийн шинэ боломжийг нээсэн болохыг онцолсон байна.

1950 онд Канадын Торонто хотод төрсөн Энн Карсон нь яруу найраг, эсээ, орчуулга болон эртний Грекийн утга зохиол судлалын чиглэлээр ажилладаг. Түүний бүтээлүүд шүлэг, хүүрнэл, жүжгийн харилцан яриа, орчуулгыг хослуулдгаараа онцлог бөгөөд уламжлалт утга зохиолын төрлүүдийн заагийг давсан өвөрмөц хэв маягтай юм. Түүний олонд танигдсан бүтээлүүдийн нэг нь 1998 онд хэвлэгдсэн “Autobiography of Red” шүлэглэсэн роман юм. Мөн 2019 онд туурвисан “Norma Jeane Baker of Troy” бүтээлдээ эртний Грекийн домог, жүжгийн үйл явдлыг XX зууны алдарт жүжигчин Мэрилин Монрогийн дүртэй холбон, сонгодог болон орчин үеийн соёлыг хослуулжээ. Карсон өмнө нь T. S. Eliot Prize, Griffin Poetry Prize зэрэг утга зохиолын нэр хүндтэй шагнал хүртэж байсан бөгөөд олон жилийн турш Хойд Америкийн их сургуулиудад сонгодог утга зохиолын хичээл заасан байна. 

Утга зохиолын салбарын Нобелийн шагналыг 1901 оноос эхлэн олгож байгаа бөгөөд 2025 оныг дуустал нийт 118 удаа гардуулж, 122 хүн хүртсэн байна. 2026 оны шагналтнаар Энн Карсон тодорсноор нийт хүртэгчдийн тоо 123 болж нэмэгдлээ. Уг шагналыг Шведийн Академи шалгаруулдаг бөгөөд энэ жилийн шагналын мөнгөн дүн 11.5 сая швед крон буюу ойролцоогоор 1.2 сая ам.доллар юм.