Б.Лхагваа: Гар, хөлийн үзүүр хөлдөх нь энгийн үзэгдэл ч, хүүхдүүд маань цанын спортод дуртай. Их хүйтэнд гал түлж дулаацаад бэлтгэлээ хийдэг /ФОТО/

Б.Лхагваа: Гар, хөлийн үзүүр хөлдөх нь энгийн үзэгдэл ч, хүүхдүүд маань цанын спортод дуртай. Их хүйтэнд гал түлж дулаацаад бэлтгэлээ хийдэг /ФОТО/

Идэр есийн хүйтэнд Монголын хамгийн хүйтэн суманд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэсвэр хатуужил гарган цанын спортоор хичээллэж буй хүүхдүүд бий. Тэд хэдийгээр ганган сайхан тоног хэрэгсэлгүй ч хэдэнтэй улсын уралдаанаас аваргын медаль зүүгээд амжив.

Тэд бол Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын цанын баг тамирчид. Иймд бид энэ удаагийн ярилцлагаараа тус суманд цанын спортыг сэргээн хөгжүүлээд 10 гаруй жилийн нүүрийг үзээд буй Ренчинлүмбэ сумын биеийн тамирын багш Б.Лхагвааг онцоллоо.

Зургийг Булгантамирын Ирээдүй

Тэрбээр сургуулиа төгсөөд, төрөлх сургуульдаа 20 жил ажиллаж спортын олон төрлөөр шилдэг тамирчид бэлтгэж буй юм. Ингэхдээ өвлийн спортыг сумынхаа хэмжээнд сэргээж, улс аймгийн шилдгүүдийг төрүүлсээр байна. Түүний цанын сургалтад 9 настай охидоос эхлэн ахлах ангийнхан явдаг. Тэд -35... -50 хэмийн хүйтэнд ууланд гарч бэлтгэл хийх бөгөөд хорогдох байргүй тул их хүйтэнд гал түлж дулаацаад бэлтгэлээ хийдэг аж.

Тамирын багш Б.Лхагваа энэ талаар сэтгэгдлээ хуваалцахдаа "Анх хүүхдүүдээ цана сургана гээд 10 гаруй модон цана олж сургалтаа эхлүүлж байлаа. Одоо бол бид мөн 10 гуруй орон нутгаас авч өгсөн цанаар хичээллэдэг. Эд маань төдийлөн сайн цана нь биш ч хүүхдүүд маань тэвчээр хатуужилтай мундаг учир шантардаггүй. Уралдаан тэмцээндээ ч амжилттай оролцож байна. Бидэнд мэргэжлийн цанын бааз гэж байхгүй учир ууландаа л бэлтгэлээ хийнэ. Хацар, хамар, гар хөлийн үзүүр хөлдөх нь энгийн үзэгдэл" хэмээсэн юм.

Зургийг Булгантамирын Ирээдүй

Түүнчлэн эл тамирчид Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд 29 жилийн дараа цанын спортоор улсын аваргын алтан медалийг авчирчээ. Энэ сумаас 1970-аад онд цанын спортын олимпод оролцох тамирчин тодорч байсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Бадуушын Лхагваа гэдэг. Би Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын ЕБС-д биеийн тамирын багшаар 20 дахь жилдээ  ажиллаж байна.

-Таны хувьд сурагчдаа спортын олон төрлөөр бэлтгэж тэмцээнд оруулахын зэрэгцээ цанын спортыг сумандаа хөгжүүлж буй. Хэзээнээс энэ чиглэлээр шавь бэлтгэх болов?

-Би анх 2003 онд их дээд сургууль төгсөж ирээд төрөлх сургуульдаа биеийн тамирын багшаар ажилд орсон юм. Тэгээд 2007 оноос өвлийн спортыг сум орон нутагтаа хөгжүүлбэл манай хүүхдүүд амжилт гаргах нөхцөл, боломж байгаа юм байна гэдгийг хараад цанын спортоор сурагчдаа бэлтгэж, анх 18 хүүхэдтэй хичээлээ эхэлж байсан.

-Өмнө нь орж байгаагүй хичээлийн төрөл болохоор төсөвгүй байсан байх. Хувцас, цана зэргээ хэрхэн бэлтгэж байв?

-Тиймээ. Тухайн үед төсөв байтугай цанын спороо ч мартсан байсан. Тиймээс цанын хэрэглэл, материал хомс байсан учир хүмүүсээс модон цана олж авч байлаа. "Хүүхдүүдээ цанын спортоор хичээллүүлж өвлийн спортоо сум орон нутагтаа сэргээх гэж байгаа юм" гээд 10 гаруй цана цуглуулж байсан. Ингэж л эхний хэдэн жил бор зүрхээрээ явж хүүхдүүдээ цанын спортод дур сонирхолтой болгосон доо.

-Таны хэрэгжүүлж эхэлсэн цанын спортын сургалт 10 гаруй жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөв?

-Энэ хугацаанд сум орон нутгаас дэмждэг болсноор хэрэглэл материал өнөөдрийн хувьд нэмэгдсэн байна. Гэхдээ манай тамирчид Улсын уралдаанд оролцоход хэрэглэл жаахан дутмаг. Тухайлбал, манай сурагчдын хэрэглэж буй цана "өвлийн спортын бодлогоор дэмждэг аймгууд"-ын хажууд дундаж үнэтэй хэрэглэхэд арай болхи улсын уралдаанд бусадтайгаа жишихүйц биш байдаг гэсэн үг л дээ.

-Бодлогоор дэмжиж эхэлсэн гэлээ. Хэзээнээс дэмжиж эхлэв. Өвлийн спортыг хөгжүүлэх жилийн төсөв нь хэд байдаг вэ?

-2018 онд сум орон нутгийн удирдлагууд дэмжиж, таван сая төгрөгийг ИТХ-аас гаргаж 10 цана худалдан авч бидэнд өгч байсан. Үүнийг бид одоо ч уралдаан сургалтдаа хэрэглэсээр байна. Харин жилийн төсвийн хувьд орон нутгаас биднийг дэмжиж жилд таван сая төгрөгийн төсөв тавьж өгдөг болсон.

-Ренчинлүмбэ гэхээр Хөвсгөл дундаа хамгийн хүйтэн бүс нутаг шүү дээ. -35, -50 градусын хүйтэн байдаг. Энэ нөхцөлд бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Манай Ренчиэлүмбэ сум Монголын хойд хязгаар хамгийн хүйтэн цэгүүдийн нэг. Гэвч хүүхдүүд хацар, гараа хайруулах вий. Даарна гэлгүй өвлийн спортыг сонирхож, бэлтгэлд хамрагдах хүүхэд нэмэгдсээр байна. Энэ спортыг ч их сонирхох болсон. Бид бэлтгэлээ сумынхаа хойд талд байрладаг Зөөлөн уул руу гарч хийдэг. Хүүхдүүдийнхээ хичээлийг харж байгаад зохицуулалт хийнэ. Ингэхдээ өвлийн их хүйтэнд өдрийн 12 цагаас 4 цаг хүртэлх цагаар хүйтний эрч арай жаахан сулрах үед бэлтгэл хийдэг. Орой их хүйтрэх үед зааландаа ирж бэлтгэл хийдэг. Их хүйтэнд манай нутагт өглөө орой бэлтгэл хийх ямар ч боломжгүй хэт хүйтэн байдаг.

-Хэт хүйтэрвэл ууландаа гал түлж дулаацаад бэлтгэл хийдэг гэж сонссон?

-Тиймээ. Зориулалтын цанын бааз биш учир орох байргүй гэсэн үг шүү дээ. Тиймээс бид хэт хүйтний үед Зөөлөн уулнаасаа гишүү түүж гал асааж дулаацаад бэлтгэл сургуулилтаа хийдэг. Мөн цана гэдэг чинь дөрвөн мөч үргэлж ажиллуулж байдаг учир үндсэн бэлтгэлдээ ороод хөдлөөд ирэхээр хүүхдүүд даардаггүй учир зузаан хувцсаа тайлж тавиад бэлтгэлээ хийдэг юм.

Зургийг Булгантамирын Ирээдүй

-Бэлтгэлийн үед хүүхдүүд гар, хөлөө хайруулах тохиолдол хэр их байдаг вэ?

-Бэлтгэлээ хийхдээ 1-5 км газарт тойрог тавьдаг. Энэ үеэр гар хөлийн үзүүр, хацар, хамар хөлдөх зэрэг нь ердийн үзэгдэл. Гар хөлөө хөлдөөцгөөж хайруулсан тохиолдолд цасаар үрэх зэрэг арга хэмжээ авдаг.

-Цанын спортын давуу талаас дурдвал?

-Цанын спорт хүйтний улиралд байгальд хичээллэдэг учир хүйтэнд хүүхдүүд тэсвэр тэвчээртэй болж ханиад хүрэх өвдөх эрсдэл бага болсон байдаг. Мөн сэтгэлийн тэнхээтэй болно. Хамгийн гол нь хүүхдүүд эрүүл агаарт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байгаа юм.

-Шавь нар нь энэ спортын юунд дурлаж хичээллэж эхэлсэн бэ. Гар хөлөө хөлдөөн байж хичээллэдэг гэхээр үнэхээр дуртай байна гэсэн үг шүү дээ. 

-Хүүхдүүд маань ихэвчлэн "ах дүү хамаатан саднаа хичээллэж байхыг, гаргасан ажилтыг нь хараад хичээллэх сонирхол төрсөн. Цэвэр агаарт байгалийн сайхныг харах боломжтой спорт учир гоё санагдсан" гэдэг дээ.

-2007 оноос хойш шавь нарийнхаа гаргасан ажилтаас дурдвал?

-Манай хүүхдүүд хэд хэдэн алтан медаль хүртэж байсан. Ренчинлүмбэ сумын хэмжээнд эл спортоор улсын аваргын медалийн 29 жилийн дараа дахин авч ирсэн баяр үйл явдал  тохиож байсан. Энэ жилийн хувьд манай есөн настай Сэр-Одын Аминзаяа гэдэг сурагч аймгийн аваргаас хоёр удаа мөнгөн медаль авсан байна.

Өмнө нь 1960,1870 аад оны үеэр манай сум орон нутгаас цанын спортоор олимпод хүртэл оролцож байсан.

-Цаашдын зорилго?

-Бидний ойрын зорилго илүү их ажилт гаргаж, олон улсын уралдаанд оролцох, энэ спортоо дэлгэрүүлэн хөгжүүлэх л байна даа. Энэ тал дээр Хөвсгөл аймгийн хэмжээнд бодлогоор дэмжиж, хувцас хэрэглэлээр дэмжээд өгвөл боломжгүй зүйл байхгүй. Мөн бид удахгүй цанын баазтай болох баяртай мэдээ байгаа.

-Сумандаа цанын баазтай болно гэсэн үг үү?

-Тиймээ. Сүүлийн үед сум орон нутгаас манай хүүхдүүдийг дэмжиж бидний бэлтгэл хийдэг Зөөлөн ууланд цанын бааз барихаар болж,  газраа сонгож, зураг төсөл дээрээ ажиллаж байгаа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

-Та бүхэнд бас баярлалаа. 

ФОТО: