АН-ын даргаар С.Баярцогтыг бүртгэх байсан тул Х.Баттулга Л.Гантөмөрт санал өгүүлж, С.Эрдэнэ маргаан үүсгэхээр “Д.Ганбат АН-ыг итгэмжлэлтэй төлөөлнө” гэж сонгожээ

АН-ын даргаар С.Баярцогтыг бүртгэх байсан тул Х.Баттулга Л.Гантөмөрт санал өгүүлж, С.Эрдэнэ маргаан үүсгэхээр “Д.Ганбат АН-ыг итгэмжлэлтэй төлөөлнө” гэж сонгожээ

Өчигдөр /2023.01.19/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хорооны хурал болж тус намын дараагийн даргаар Л.Гантөмөрийг 51 хувийн саналаар сонголоо. Тодруулбал, тус өрсөлдөөнд “С.Баярцогтыг ялалт байгуулна” гэж олон хүн таамаглаж байсан ч, эцсийн мөчид Х.Баттулгын гэгдэх гурван аймаг, мөн түүний АН-ын Хэрэг эрхлэх газарт ажилладаг ҮБХ-ны 40 орчим гишүүн гэнэт тус хуралд оролцон Л.Гантөмөрт санал өгснөөр, түүнийг 152 хүний саналаар ялуулжээ.

Нөгөө талд С.Баярцогтын саналыг хуваахын тулд УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд болоод “Увсын фракц”-аас З.Нарантуяаг дэвшүүлсэн байж болзошгүй байна.

-С.ЭРДЭНЭ НАРААС САЛГАЖ “АН-ЫГ ДАРГА”-ТАЙ БОЛГОХ БОЛОМЖОО ТУСЫН НАМЫН ГИШҮҮД Х.БАТТУЛГАД АЛДЖЭЭ-

Харин Л.Гантөмөрийг Х.Баттулга дэмжих болсон шалтгаан нь “С.Баярцогт ялж АН-ын даргаар Улсын дээд шүүх /УДШ/ бүртгэгдэх магадлал өндөр, нөгөө талаар Л.Гантөмөртэй Х.Баттулга хэлэлцээ хийхэд амархан тул ийнхүү түүнийг дэмжсэн” байна. Сонирхуулахад, 2018 онд С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасахад З.Энхболдын нөлөө их байсан гэдэг бол, С.Баярцогтыг шүүхээс ял сонсоход Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа нөлөөлсөн байж болзошгүй гэдэг.

Мөн Х.Баттулга саяхан Үндсэн хуулийн цэцийн гадна мэдээлэл хийж, “С.Баярцогт болон Ерөнхий шүүгч Д.Ганзориг нарыг шалгуулна” хэмээн мэдэгдсэн бол өчигдөр /2023.01.19/ Х.Баттулгын АН-ын ЕНБД И.Мөнхжаргал нар “Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг АТГ-т өгч шалгуулна” хэмээн мэдээлэл хийсэн нь ердөө л “С.Баярцогтыг АН-ын дарга болгохгүй” гэсэн тэдний нэг акц байжээ.

ВИДЕО: И.Мөнхжаргал нарын “Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг АТГ-т өгч байна” гэж хийсэн мэдээлэл. 2023.01.19

Харин УИХ дахь АН-ын бүлэг болоод тус намын ҮБХ-ны зарим гишүүд “С.Эрдэнэ, Х.Баттулга нараасаа салж АН-аа шинэ даргатай болгох боломж”-ийг үгүй хийж, ёстой л нөгөө “нүдэндээ хуруугаа хийв” гэгч л болсон байна.

-"С.БАЯРЦОГТЫГ АН-ЫН ДАРГААР БҮРТГЭХ ВИЙ" ХЭМЭЭН С.ЭРДЭНЭ БОЛГООЖИЛЖ Х.БАТТУЛГАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ-

Учир нь АН­-ын даргын өрсөлдөөнд Л.Гантөмөр ялалт байгуулснаар АН-ын дарга болсон гэсэн үг биш болоод байна. Учир нь өчигдөр /2023.01.19/ С.Баярцогт, Л.Гантөмөр, З.Нарантуяа нарын аль нэгийг нь АН-ын даргаар сонгох ҮБХ-ны гишүүдийн хурал болж байх үеэр С.Эрдэнэ мөн л АН-ын ҮБХ-ны цахим хурал гэгчийг хийж, “АН-ыг итгэмжлэлтэй төлөөлөх эрхтэй этгээдээр УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүртгүүлэх” шийдвэрийг гаргаж, УДШ-д хандахаар болсон байна.  

Харин С.Эрдэнэ өчигдөр /2023.01.19/ гаргасан дээрх шийдвэрээ мөн л “С.Баярцогт АН-ын дарга болчих вий хэмээн болгоомжилж” эртнээс төлөвлөж байжээ.

Тэгвэл одоо “Д.Ганбат АН-ыг итгэмжлэлтэй төлөөлнө” гэсэн С.Эрдэнийн бичиг нь “АН­-ын дотоод зөрчил арилаагүй” гэсэн үндэслэлээр Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзах гол шалтгаан болно гэсэн үг юм.

Хэрэв С.Баярцогт АН­-ын даргад ялалт байгуулсан бол УДШ С.Эрдэнийн дээрх бичгийг “хүлээн авах боломжгүй” хэмээн буцааж магадгүй байсан бол, Л.Гантөмөр УДШ-д нөлөө багатай тул С.Эрдэнийн дээрх бичгийг хүлээж авах боломжтой нөхцөл байдал харагдаж байна. Харин саяхнаас эхлэн С.Эрдэнэ, Х.Баттулга нар хамтарч ажиллахаар болсон гэж мэдэгдсэн ч, Х.Баттулга С.Эрдэнэтэй өөрийн биеэр биечлэн уулзаагүй, төлөөний хүн болох И.Мөнхжаргалыг түүнтэй уулзуулж байгаа аж.

Тэд “Х.Баттулгын ирэх сарын 18 /2023.02.18/-ны өдөр зарласан АН-ын Их хурал”-аар юу хэлэлцэх талаар ярилцаж байгаа аж. Товчхондоо, Л.Гантөмөрийг АН-ын даргаар УДШ бүртгэхгүй гэдгийг Х.Баттулга мэдэж байгаа тул тэрээр ирэх сарын 18 /2023.02.18/-ны өдөр АН-ын Их хурлыг ийнхүү зарласан байна. Мөн С.Эрдэнэ ч “С.Баярцогтыг АН-ын дарга болохгүй” гэсэндээ Х.Баттулгатай нэгджээ.