УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт эхнэрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй бичлэгийг цахим сүлжээнд дэлгэсэн.
Харин энэ үйлдэлд Ч.Ундрам гишүүнийг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэх байр суурийг иргэд илэрхийлсээр байгаа ч УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд энэ талаарх гомдол мэдээлэл ирээгүй учир хэлэлцэх боломжгүй гэдгийг тус байнгын хорооны дарга Б.Баттөмөр мэдэгдэж байсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой 900 гаруй өргөдөл, гомдол УИХ-ын Ёсзүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ирсэн учраас түүний асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тус 900 иргэний зарим нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгосон тойргийнхон нь байжээ. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдаж УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлыг хэлэлцвэл түүнд доорх гурван хэлбэрээр л хариуцлага хүлээлгэх аж.
- Уучлал гуйлгах
- Сануулга өгөх
- 6 сар хүртэл цалингийн 20 хувийг хасах арга хэмжээг л авах аж.
Ч.Ундрам гишүүний гэр бүлийн маргааны асуудал Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцэгдэх шатанд явж буй бол хүүхэддээ хүч хэрэглэсэн хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тиймээс Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос шүүх болон цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт тавьсан бөгөөд ирүүлсэн мэдээллийн дагуу асуудлыг хэлэлцэж дээрх гурван хариуцлагаас аль тохирохыг хүлээлгэх юм байна.