УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтуудын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн хуулийн хүрээнд Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэхээр ажиллаж байна. Ингэснээр иргэн хуулийн этгээд зөвшөөрөл олгох, сунгах зэрэг бүхий л үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Хуулийн этгээдийн санхүү, татвар, нийгмийн даатгал зэрэгтэй холбоотой харилцааг e-mongolia системд холбож, бизнес эрхлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлсэн Ebusiness платформыг энэ улиралд багтаан танилцуулна. Дэлхийн аль ч өнцөг булан бүрээс компани нээж, татвар, нийгмийн даатгалаа төлөх боломж бүрдүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цаашлаад уг платформоор дамжуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ач холбогдолтой. “Ухаалаг засаглал-2” төслийн хүрээнд бүх шатны төрийн байгууллагыг холбох дундын үүлэн шийдлийг нэвтрүүлж, тоон гарын үсгийн дэд бүтцийг иж бүрнээр шинэчилнэ” гэж ярилаа.
ВИДЕО: