МАН БҮЛЭГ: Н.Баяртсайхан, С:.Даваасүрэн нарын саналыг сонссоны дараа хариуцлага тооцох асуудлыг дахин ярина

МАН БҮЛЭГ: Н.Баяртсайхан, С:.Даваасүрэн нарын саналыг сонссоны дараа хариуцлага тооцох асуудлыг дахин ярина

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.11.11/ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх тухай асуудлыг хэлэлцлээ.
 
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг аравдугаар сард гаргасан. Гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт явуулж дуусгах хуваарьтай байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хэлэлцэж, гуравдугаар хэлэлцүүлгээр хуулийн төслийг батлахад 100 хувь санал нэгдлээ. АН-аас тавьж байгаа гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Тодруулбал, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд томилж, чөлөөлөх заалтыг бүлгийн гишүүдийн олонх нь дэмжсэн. Цаашид Засгийн газар бие дааж шийдвэр гаргаж ажиллахад чухал ач холбогдолтой гэж үзээд дэмжсэн.
 
Хоёр дахь санал болох сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухай саналыг хэлэлцээд бүлгийн гишүүд дэмжлээ. Өөрөөр хэлбэл, пропорцианаль, можаритарын хосолсон хэлбэрээр явуулна. Гэхдээ энэ саналыг 2024 оноос хэрэгжүүлэхэд санал нэгдсэн. АН-аас тавьсан гурав дахь санал нь парламентаас Ерөнхийлөгчийг сонгох байгаа. Энэ саналыг бүлэг хэлэлцээд эцсийн шийдвэр гаргаагүй. Өнөөдөр, маргааш зөвшилцөл үргэлжилнэ. Тиймээс ажлын хэсгийн хуралдаанаар дахиж энэ асуудлыг ярих нь зүйтэй гэж үзсэн. Шаардлагатай бол ирэх лхагва, пүрэв гаригт бүлэг дахиж хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.
 
 
Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэхдээ сонгуулийг 2020 онд холимог тогтолцоогоор явуулах хэрэгтэй. 2024 он гэвэл зөвшилцөхгүй гэж мэдэгдсэн. Олонхын бүлэг ингээд шийдвэрлэчихээр яах бол?
 
-Ажлын хэсэг дээр 2024 онд явуулахаар хэлэлцсэн. Иймээс үүгээрээ явуулахаар тогтож байгаа. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай асуудлыг 2025 оноос гэж ярьж байна. Зөвшилцлийн ажлын хэсгийн хэлэлцэж байгаа асуудлыг бүлэгт танилцуулан хэлэлцүүлж байгаа.
 
-АН гуравдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэвэл МАН дангаараа шийдээд явах боломж байгаа юу?
 
-АН оролцохгүй гэвэл МАН дангаараа хэлэлцээд явах байдалд орно. Бид АН-ын саналаар явж ирсэн. АН анх ард нийтийн санал асуулга шиг хэрэгтэй юм алга гэсэн. Бид ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргатал үүн шиг хэрэггүй зүйл байхгүй гэсэн. Ингээд гуравдугаар хэлэлцүүлэгт орсон. АН-аас дээрх гурван асуудлаар зөвшилцмөөр байна гэж санал оруулсан. Бид Үндсэн хуулийг бүх талаас нь хэлэлцэх нь зөв гэж үзээд бүх нам, тэр дундаа парламентад байгаа намыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн баримт бичиг байх ёстой гэдэг үүднээс нь хүлээцтэй хандаж, саналыг тусгахыг хичээж байна.
 
-Холигмог тогтолцоонд шилжсэн тохиолдолд санал өгөх хувилбарыг ямар байхаар тогтсон бэ?
 
-Хэрэгжих хугацаа 2020 оны тавдугаар сар гэж байгаа заалтыг өөрчлөхгүй. Зарим заалтын хэрэгжих хугацаа өөр байгаа. Жишээлбэл, холимог тогтолцоо 2024 он, Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульд тусгаснаараа явна. Холимог мөртлөө хүн дугуйлдаг хэлбэрийг сонгохоор МАН-ын бүлэг үзэж байгаа. 
 
-Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас огцруулах асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авч хойшлуулсан. Завсарлага авсан шалтгаан юу вэ? 
 
- Эдийн засгийн байнгын хороогоор саарал жагсаалттай холбоотой асуудлыг хэлэлцэх гээд байгаа юм байна. Хариуцлага тооцох гэж буй хүмүүсийнхээ саналыг сонсохоор болсон. Энэ дагуу завсарлага авсан. Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо бэлтгэлээ хангаад сонсгол хийнэ. Үүний дараа Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудлыг ярина.