ХӨШИГНИЙ АРД: “Онц байдал зарлах шаардлагагүй. Арга эвээр намжаах нь зүйтэй” гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж байжээ

ХӨШИГНИЙ АРД: “Онц байдал зарлах шаардлагагүй. Арга эвээр намжаах нь зүйтэй” гэсэн байр суурийг УИХ-ын гишүүд илэрхийлж байжээ

Эрх баригчдаас шударга ёс шаардсан иргэдийн жагсаал өнгөрсөн шөнө 00.00 цагийн үед саарсан юм. Хоёр өдрийн турш өрнөсөн тус жагсаал өчигдөр /2022.12.05/ үдээс хойш ширүүсч жагсагчид Төрийн ордон руу дайрч улмаар эд хогшлыг эвдэж сүйтгэсэн. Цагдаагийн ерөнхий газраас үүнийг эмх замбараагүй байдал гэж тодорхойлж, "Нөхцөл байдал хүндрэхээс сэргийлэн 21.00 цагаас албадан тараах арга хэмжээ авна" гэдгээ мэдэгдсэн билээ.

-УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ӨМНӨ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ УУЛЗЖЭЭ-

Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын “Жагсаал тараах захирамж”-д үндэслэн ажиллахаар бэлтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дотоодын цэргүүдийг дайчилж, цагдаа хүчнийхэн бэлэн байдалд шилжээд байсан ч УИХ-аас шийдвэр гарч, "нэг ямар нэгэн албадлага, мөргөлдөөн зодоонгүй"-гээр жагсаал тарсан юм. Хууль хүчний байгууллагын энэхүү бэлэн байдалтай зэрэгцэн УИХ-ын чуулган цахимаар “ОНЦ БАЙДАЛ” тогтоох эсэхээр хуралдсан байдаг. Тэгвэл тус хуралдаанаар ямар асуудал яригдсан тухай мэдээллийг бид хүргэж байна.

Өчигдөр /2022.12.05/ 20.00 цагийн орчимд УИХ цахимаар хуралдах шийдвэрийг гарган бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байдаг. Үүний өмнө төрийн гурван өндөрлөг уулзаж нөхцөл байдалд хэмжилт хийн ярилцсан гэх мэдээлэл байгаа юм.

Уг хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүс зохион байгуулсан гэх агуулга яригджээ. Улмаар МАН-ын Бага хурал өнөөдөр /2022.12.06/ болох үеэр Засгийн газрыг хариуцлага хүлээх шаардлага тавих суурь бэлдэж байтал таамаглаагүй нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл солилцсон байна.

Ингээд чуулган хуралдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өгсөн бөгөөд "онц байдал" тогтоох эсэхээр гишүүдээс санал сонсчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын ихэнх гишүүд "Одоо үүсээд буй нөхцөл байдлыг арга эвээр намжаах нь зүйтэй. Иргэдэд мэдээлэл өг. Ухуулж ойлгуулаад тараахгүй бол нөхцөл байдал улам хүндэрнэ. Огт албадлага хэрэглэж болохгүй" гэжээ. Харин зарим нь албадлагын арга хэмжээг авах ёстой гэжээ. 

-ГИШҮҮДИЙН ОЛОНХ НЬ АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧ БОЛОХГҮЙ. ОЙЛГУУЛЖ, ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЁСТОЙ ГЭЖ ХЭЛЖЭЭ-

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хэрвээ онц байдал тогтоовол иргэдийн бухимдал нэмэгдэнэ. Албадлагын арга хэмжээнээс үүдэн жагсаалын нөхцөл байдал ширүүсч иргэд хохирвол яах вэ. Тиймээс илүү эв зүйгээр ойлгуулах үүднээс ажилла. Онц байдал тогтоох шаардлагагүй. Цагдаа нар ойлгуулах ажлаа хий" гэж хэлжээ.

Ийнхүү эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Онц байдал ч тогтоохийг дэмжээгүй бөгөөд УИХ-аас албадлагын арга хэмжээ авч болохгүй шүү гэж шийдвэрлэхтэй зэрэгцэн жагсагчдын нөхцөл байдал ч намжсан байна. Ямартай ч МАН-ыг барьц алдуулсан энэхүү жагсаалд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Д.Сумъяабазарыгаа урдаа барьж байгаад "муухай харагдуулах" шийдвэрийг гаргуулж түүнд нь дараагийн алхмаа хийсэн нь өчигдрийн үйл явдлаас харагдлаа. Ташрамд дурдахад, Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 50 гаруй хувь нь "Онц байдал" тогтоох саналыг дэмжсэн гэж буй зарим эх сурвалж анхнаасаа дэмжээгүй гэж үгүйсгэж байгаа юм. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.