ШУУРХАЙ: Б.Эрдэнэбатын хилийн хоригийг ШШГЕГ-аас "түр цуцалсан" тул тэрбээр бүх хөрөнгөө банкны барьцаанд орхиод Сингапур руу "оргон зайлжээ"

ШУУРХАЙ: Б.Эрдэнэбатын хилийн хоригийг ШШГЕГ-аас "түр цуцалсан" тул тэрбээр бүх хөрөнгөө банкны барьцаанд орхиод Сингапур руу "оргон зайлжээ"

Хөгжлийн банкнаас зээл авсан "Эрэл" компанитай холбоотой хэргийг шүүх хурал сүүлийн гурван жилийн хугацаанд 18 удаа хойшилсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Хөгжлийн банкнаас 23 сая ам.доллар, 13 сая 47 мянган еврогийн зээл авсан "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат энэ оны аравдугаар сарын 18 /2022.10.18/-ны өдөр хилийн хоригоо түр цуцлуулаад Сингапур улс руу гарч явжээ. 

Тодруулбал, Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад 2020 оны аравдугаар сард Хан-Уул дүүргийн шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Гэтэл тэрбээр энэ оны аравдугаар сарын 18/2022.10.18/ -ны өдөр ШШГЕГ-т хандаж,

"Эхнэрийн биеийн байдал муу байгаа учир гадаадад эмчилгээнд авч явах шаардлагатай байгаа тул хилийн хоригийг цуцалж өгнө үү" гэх хүсэлт гаргасан байна. Улмаар тус байгууллагаас түүний хилийн хоригийг нэг сараар цуцалжээ.

Тиймээс Б.Эрдэнэбат нь энэ оны аравдугаар сарын 19 /2022.10.19/-ны өдөр Сингапур улс руу ниссэн байна. Гэтэл түүний хилийн хоригийг цуцалсан хугацаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-ны /2022.11.18/ өдөр дууссан ч тэрбээр өнөөг хүртэл Монголд ирээгүй байгаа аж.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Эрдэнэбат нь өөрийн эзэмшилд байдаг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдээ "ХААН", "Хас" зэрэг банкнуудад мөн барьцаалсан бөгөөд тэрбээр "Эрэл” ХХК-д хувьцаа эзэмшигч байхаа больж, төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан байна. Энэ бүхнээс үзэхэд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат нь оргон зайлсан байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

Ташрамд өгүүлэхэд, "Эрэл" компани нь Хөгжлийн банкнаас 

  • 2013 онд наймдугаар сарын 16-нд гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор 14 сая ам доллар,
  • 2014 оны дөрөвдүгээр сарын 28-нд 13.4 сая еврогийн зээл,
  • 2015 онд арваннэгдүгээр сарын 14-нд 9 сая ам.долларын зээл авсан байна.

Гэвч зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 197 тэрбум төгрөг болсон аж.