ЦЕГ: ЭТТ ХК-ийн удирдлагууд иргэдийг эмх, замбараагүй байдалд турхирч байна. Нөхцөл байдал хүндэрвэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна

ЦЕГ: ЭТТ ХК-ийн удирдлагууд иргэдийг эмх, замбараагүй байдалд турхирч байна. Нөхцөл байдал хүндэрвэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тухайлбал,Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал энэ талаар хэлэхдээ"Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Их Жанжин Сүхбаатарын талбайд энэ сарын 04-ны өдөр /2022.12.04/ эхлүүлсэн жагсаал цуглаан өнөөдөр мөн бүтэн үргэлжилж байна. Үндсэн хуульд "Монгол улсын иргэн нь үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдэлж итгэл, үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй" гэж заасан байдаг. 

ВИДЕО:

Мөн жагсаал цуглаан хийх үйл явц нь журмын тухай хуулиар зохицуулагддаг. Тухайлбал, иргэд нь жагсаал цуглааныхаа агуулгыг тухайн нутаг дэвсгэрийнхээ харьяа байгууллагад танилцуулж бүртгүүлсэн байхыг Жагсаал, цуглааны журмын тухай хуулиар шаарддаг. Өчигдөр, өнөөдрийн иргэдийн үзэл бодлоо илэрхийлж буй энэхүү жагсаал нь бүртгэлгүй зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс жагсагчид болон нийт иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллагаас иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэж, аюулгүй байдлыг ханган нийтийн хэв журмыг хангах үүргээ биелүүлж байна. Ямар нэгэн эрсдэлгүйгээр жагсаал цуглааныг зохион байгуулж ажиллаж байгаа. 

Харамсалтай нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг далимдуулж нийгмийн дэг журмыг зөрчих, бүлэглэн архидан согтуурах, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн жагсаал цуглааныг өөрчлөх үйлдлүүд гарч байна.

Тухайлбал, "Нүүрсний хулгай" гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өмнөх удирдлагууд цахим сүлжээг ашиглан өөрсдийн ажилчдыг болон иргэдийг ж эмх замбараагүй байдалд уриалж. Үдээс хойш л гэхэд насанд хүрээгүй хүүхдүүдийг татан оролцуулж, үймээн самуун үүсгэж төрийн эрхийг хууль бусаар авах үйлдлийг гаргаж байна.

Тухайлбал, Гацуур мод шатаасан иргэнийг шалгахад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдлоо. 

Дөрвөн иргэн дарагдаж хүнд хөнгөн хэлбэрээр бэртлээ. Гудамж замыг бүслэн хаах, төрийн тусгай обьект руу халдах, бусдын зорчих эрхийг хязгаалах үйлдэлд насанд хүрээгүй хүүхдийг оролцуулж байгаа нь нөхцөл байдлыг хүндрэлтэй байдал руу оруулж байна.  Иймд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхдээ бусдын аюулгүй байдалд халдан нийгмийн хэв журамд харшилсан үйлдэл гаргахгүй байхыг хүсье. Хууль иргэн бүрд тэгш үйлчилнэ, энэ үйлдлийг хуулийн дагуу таслан зогсоохыг анхааруулж байна. Бага насны хүүхдүүдийг ар гэр, асран хамгаалагч, эцэг эхчүүд нь анхаарч жагсаалд цуглаанд оролцуулахгүй байхыг сануулъя. Мөн төрийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэн арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ. 

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Одоогийн байдлаар баривчилсан хүн бий юу? 

-Одоогийн байдлаар байхгүй байна. Зарим иргэд талбайд хоносон. Тэр иргэдийн аюулгүй байдлыг хангаж цагдаагийн байгууллагын алба хаагчид ч хоносон. Үзэл бодлоо илэрхийлж буй иргэдээс цагдаагийн байгууллагатай маргалдах, эсэргүүцэх үйл явдал байгаагүй. Аль болох л эвтэй байх, хуулийн дагуу ажиллахад хамтарсан. Гэтэл өнөөдөр Төрийн ордон руу дайрах, гацуур мод шатааж бусдыг хууль бус үйл ажиллагаанд турхирч байна. 

-Төрийн ордон руу дайрсан иргэдэд ямар арга хэмжээ авах вэ? 

-Төрийн ордон нь төрийн тусгай обьект. Энэ обьект руу хууль бусаар нэвтрэх нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Ингэж болохгүй. Цагдаагийн байгууллагын алба хаагчид анхааруулж, сэрэмжлүүлэхээс өөрөөр хүчээр тараах арга хэмжээ аваагүй. Цаашид олон нийтийн хамарсан үймээн самуунд уриалах юм бол хуульд заасан холбогдох арга хэмжээг авах болно. 

-Нөхцөл байдал хүндэрвэл холбогдох хуулийн арга хэмжээг авна гэж та хэллээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү? 

-Холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах эрхтэй. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө