СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Төв талбайн жагсаал цуглаан нь БНСУ-ын Итаевоны үйл явдалтай ижил түвшинд хүргэж болзошгүй байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Төв талбайн жагсаал цуглаан нь БНСУ-ын Итаевоны үйл явдалтай ижил түвшинд хүргэж болзошгүй байна" гэж ЦЕГ-аас мэдээллээ

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан иргэдийн жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл тус үйл явдалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс “төв талбай дээрх жагсаал цуглаан нь БНСУ-ын Итаевоны үйл явдалтай ижил түвшинд хүргэж болзошгүй байна” хэмээн сэрэмжлүүллээ.

Үүнд, “Солонгос Улсын нийслэл Сөүл хотын Итаевон дүүрэгт 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Halloween буюу сүнсний баяр тэмдэглэхээр цугласан маш олон хүн ухаан алдаж, зүрх нь зогссон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан. Үүнээс болж 120 хүн амь насаа алдаж, 150 гаруй иргэн хүнд, хөнгөн бэртэл авсан бөгөөд амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь залуучууд байсан. Юунаас болж амь насаа алдсан шалтгаан нөхцөлийг тогтооход хэт бөөгнөрч шахцалдсаны улмаас хүмүүсийн ихэнх нь бусдын хөлд гишгэгдэж, тухайн газраас гарах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс уг эмгэнэлт хэрэг гарсан байна.

Өнөөдөр /2022.12.05/ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай болох Жанжин Сүхбаатарын талбай дээр болж буй жагсаал цуглаан нь дээрх үйл явдалтай ижил түвшинд хүрч, иргэд засгийн газар луу орохын тулд хэт их бөөгнөрөл үүсгэж, шахцалдсаны улмаас амь нас болон эрүүл мэндээрээ хохирч болзошгүй эрсдэл үүсэх магадлалтай тул иргэд та бүхэн хэт их бөөгнөрөл үүсгэхгүй, тайван замаар жагсаал цуглаанд оролцоно уу. Мөн жагсаал цуглаанд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, хараа хяналтгүй орхихгүй байх, өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэд тань гэртээ байхгүй тохиолдолд хаана, хэнтэй юу хийж байгааг нь асууж тодруулан гэмт хэрэг, зөрчилд холбогдож хохирохоос урьдчилан сэргийлээрэй” гэжээ.