Д.Амарбаясгалан: Би жагсагчидтай уулзаж ШААРДЛАГЫГ нь хүлээн авна

Д.Амарбаясгалан: Би жагсагчидтай уулзаж ШААРДЛАГЫГ нь хүлээн авна

ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сайд нар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр “Олон нийтэд ил болоод буй хулгай дээрмийн асуудлын үр дүнг нэхэж иргэд өнөөдөр жагсаж байгаа гэж ойлгож байна. Тухайлбал, "Эрдэнэт"-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хулгай, дээрмийн хэргүүд нийтэд ил тод болсон. Үүнтэй хариулцлага тооцоход ард түмэн дэмжлэг үзүүлж жагсаж байна. Эдгээр хэргийг АТГ болон хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн. Засгийн газрын гомдлоор тодорхой тооны хүмүүс шалгагдаж буй. Тодруулбал, “Эрдэнэс Таван Толгой” ХК дахь нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна. Иргэд шаардлагаа тавьж жагсаж байгааг дэмжиж байна. Гэхдээ жагсаал цуглааныг өөр чиглэл рүү оруулах, үймээн самуун дэгдээх оролдлого гарч болзошгүй тул  яриа хэлэлцээрийн шугамаар асуудлыг шийдвэрлэж хамтарч ажиллана. Нүүрс тээвэртэй холбоотой олон нийтийн дунд янз бүрийн хардалтууд бий. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий УИХ-ын гишүүн шалгаад явж байгааг ч энд хэлмээр байна. Энэ мэт олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа асуудлыг нээлттэй, ид тод болгоно. 

Өнөөдрийн жагсаалтай санал нэг байгаа учир асуудлыг хамтарч шийдэхэд ажиллана. "Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчид шалгагдаж байгаа. Засгийн газрын зүгээс "шүгэл үлээгчийн" үүргийг хангалттай гүйцэтгэж байгаа. Хүмүүсийн халгаад барьж авч чадаагүй асуудлыг барьж авч шийдвэрлүүлж байна. Засгийн газар хуулийн байгууллага биш. Хууль хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа Засгийн газар улс төрийн хүрээнд хариуцлагаа тооцно. Нүүрсний хэрэг удаашраагүй. Зарим асуудлыг нууцаас гаргахаар ажиллаж байна. Би жагсагчид болон зохион байгуулагчидтай уулзаж шаардлагыг нь хүлээн авна" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө