Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулан тал, талын төлөөллөөс саналыг нь хүлээн авч хуульд тусгах үйл явцыг өрнүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэрвээ тус хууль батлагдвал гадны банк Монголд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн боломжтой. Цаашлаад гадны хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгаа солонгоруулах гарц бий гэж хууль санаачлагчид хэлж буй.
-ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ БАНКИУДЫГ ЭРХЛҮҮЛЭХЭД ХҮРГЭВ ҮҮ-
Тэгвэл эл хуулийн сургаар банкны холбоод өмнөхийн адил бойкот хийж, Засгийн газар, УИХ-ыг “шаналгаж” яваа гэх мэдээлэл байна. Мөн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хүндрэл бүр далим болж тэд хоёр асуудлаар шийдэлд хүрэхээр Засгийн газартай хэлэлцээр эхлүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Монгол банкны холбоо” –оос
НЭГДҮГЭЭРТ, Ойрын хоёр жилдээ зээлийн хүүг буулгахгүй байх.Хадгаламжийн хүүг дээд хязгаараар оролдохгүй байх.
ХОЁРДУГААРТ, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхгүй байх саналыг Засгийн газарт тавьж буй аж. Ингэснээр гадны банк Монголд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Ерөөс Засгийн газар тэдэнд эхэлж санал тавьж хариуд нь тэд дээрх хоёр шаардлагыг тавьсаныг ч үгүйсгэх аргагүй аж. Харин Засгийн газраас тэдэнд ямар асуудлаар хандав?.
-ЗАСГИЙН ГАЗАР ДОТООДДОО БОНД ГАРГАЖ ТҮҮНИЙГ НЬ БАНКИУД АВНА ГЭВ-
Ирэх 2023 онд төсвийн орлого бүрдэх эсэхэд эдийн засагчид эргэлзэж байгаа. Шинжээчид хэлэхдээ “Ирэх онд эдийн засгийн өсөлт таван хувь, экспорт 11 тэрбум ам.долларт хүрч 36 сая.тн нүүрс экспортолно гэдэг бол одоо байгаа нөхцөлд нийцэхээргүй өөдрөг үзүүлэлт. Эдийн засгийн хямралтай, хямралгүй үед түүхий эдийн зах зээл ганцхан улсын зах зээлээс хамаарч байдаг Монголын хувьд экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр савлагаатай энэ үед үнийг нь хэт өөдрөгөөр төсөөлөх нь өндөр эрсдэлтэй” хэмээн шүүмжилж буй. Нэмээд хэлэхэд, Өрийн тааз чинээндээ тулж гадны зах зээлээс бонд босгох, зээл авах боломж бүх талаар хумигдсан. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хувилбар бий ч сонгуулийн өмнө хамаг халамжаа хаалгаж улс төрийн “гал” авах зориг МАН-д үгүй. Тиймээс дотооддоо бонд гаргаж банкиудад өгөх ажлыг Засгийн газраас хийж банкиуд банкиуд дээрх хоёр зүйлийг шаардаж талууд үндсэндээ тохирч буй аж. Банкиудын хувьд Засгийн газрын гаргасан бондыг авахад нэгдэх бололтой.
Үр дүнг бүхлээр нь харвал, эдийн засгийн энэ хүнд нөхцөлд банкиуд зээлийн хүүгээ буулгахгүй бол аж, ахуй нэгжүүд л хүнд байдал орно. Тийм ч учраас тэд эдийн засгаа “нугаслах” уу гэдэг асуулттай үлдэж байна.