Сонгуулийг холимог системээр явуулахаар ТОХИРСОН уу

Сонгуулийг холимог системээр явуулахаар ТОХИРСОН уу

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцсэнээс хойш хоёр сар боллоо.

Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа Ард нийтийн дунд санал асуулга явуулан Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтийг дэмжиж буй эсэхийг асуухаар товлоод байв. Гэтэл Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьснаар энэ ажил дашийн шог болж, хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан саналууд зардахад хүрээд байгаа юм.

Тиймээс МАН-ынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг аргагүйн эрхэнд эхлүүлж ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг шуурхайлан батлаад явах хүсэл байвч нэг асуудал тулгарсан нь АН-тай зөвшилцөж буй саналууд юм.

Өнгөрсөн сарын 21-ны өдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс ойрын хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах тогтоолын төсөл батлагдаад явах юм. Гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэр гарсны дараа АН-тай зөвшилцөх гурван асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэж буй.

Ингэхдээ Ардчилсан намаас гаргасан

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох

-Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх

-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэсэн гурван саналыг дэмжих эсэхээр санал зөвшилцөхөөр МАН, АН-аас ажлын хэсэг гаран ажиллаж байна.Ардчилсан нам уг гурван саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэгдүгээр хэлэлцүүлэг эхлэх шатанд санал болгосон ч МАН хүлээж авч дэмжээгүй. Тиймээс Ардчилсан нам хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцохгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгээс гарсан билээ.

Харин одоо нэгэнтээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан саналууд задарч дахин хэлэлцэж буй учир МАН, АН-аас байгуулагдсан ажлын хэсэг дээрх гурван саналаар санал зөвшилцөөд байна.  Хэрвээ дээрх гурван саналд нэгдвэл бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Ажлын хэсэг маргааш болон пүрэв, баасан гаригт хуралдаж ямар нэг чиг гаргах бөгөөд түүнийг нь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэх юм.

АН-ын зүгээс сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг Үндсэн хуульд оруулахаар онцгойлон зүтгэж буй. Нэгдүгээр хэлэлцүүлгийн шатанд уг саналыг дэмжээгүй МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлахын тулд Ерөнхийлөгчийн шахалтаар энэхүү саналыг дэмжихээр тохирсон гэх мэдээлэл байна.

МАН-ын хувьд сонгуулийн тогтолцоог нарийвчлан заахгүйгээр тухайн сонгуулийн жилдээ өөрчилдөг байхаар саналыг оруулсан. Харин АН үүссэн нөхцөл байдлыг ашиглан өөрсдийн саналыг Үндсэн хуульд оруулахаар ажиллаж байна. Мөн ч МАН-д ялгаагүй уг саналыг дэмжих гишүүд олон бий гэдэг.

Тиймээс тэд СОНГУУЛИЙН СИСТЕМИЙГ ХОЛИМОГ БОЛГОХ тохироог хийж байна гэх мэдээлэл байна.

СОНГУУЛИЙН ХУУЛЬ: АВЛИГЫН АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮН
УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОХ УУ

Мөн Сонгуулийн хуульд авлигалын асуудалд нэр холбогдсон гишүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэх заалтыг оруулсан гэх мэдээлэл байна. Гэхдээ уг заалт нь дэмжлэг авч цааш хэр явах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд нэгэн иргэн, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг бусдаас авлигал авсан гэж мэдэгдсэн. Энэ нь Сонгуулийн хуульд оруулж буй дээрх заалтад тааруулсан бусдын үйлдэл байж мэднэ гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.