Б.Сүхбаатар: Ерөнхий архитектор Н.Нацагдоржид хариуцлага тооцохгүй бол Д.Сумьяабазар даргыг огцруулах асуудлыг ярина

Б.Сүхбаатар: Ерөнхий архитектор Н.Нацагдоржид хариуцлага тооцохгүй бол Д.Сумьяабазар даргыг огцруулах асуудлыг ярина

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид одоогоос хоёр сарын өмнө Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулах хүсэлтийг Хотын дарга Д.Сумьяабазарт хүргүүлсэн билээ. Тэгвэл эл асуудалд Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар хариулт өгсөн эсэхийг НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатараас тодрууллаа.

ВИДЕО: 

-Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид одоогоос хоёр сарын өмнө Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг огцруулах хүсэлтийг Хотын дарга Д.Сумьяабазарт хүргүүлсэн. Энэ асуудал ямар шатандаа байгаа бол? 

-Засаг даргад иргэдийн хурлын төлөөлөгчид албан шаардлага, хүсэлтийг өгсөн. Үүн дээр Ардчилсан намын төлөөлөгчдөөс бусад нь гарын үсэг зурсан байгаа. Бид нар ямартай ч Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржийг хууль зөрчсөн үйлдэлтэй нь холбоотойгоор огцруулах хүсэлтээ Засаг даргад өгсөн. Тиймээс энэ асуудлыг Засаг дарга шийдэх учиртай. Энэ нь түүний бүрэн эрхийн асуудал. Иргэдийн хурал бол Засаг даргын харьяаны албан хаагчийг халж чөлөөлөх эрх байдаггүй. Иргэдийн хурал бол зөвхөн Засаг даргатай л асуудлаа ярьдаг зарчимтай. 

-Одоогоос хоёр сарын өмнө та бүхэн Хотын даргад хүсэлтээ өгсөн шүү дээ. Одоог болтол ямар нэгэн хариу өгөөгүй юу? 

-Хариу ирүүлээгүй. Миний ойлгосноор арга хэмжээ авч байгаа л гэж ойлгосон. Гэхдээ албан ёсны хариу ирүүлээгүй байна. 

-Хэрэв Хотын дарга Д.Сумьяабазар хууль зөрчсөн хэмээж байгаа Ерөнхий архитектор Н.Нацагдоржид ямар нэгэн хариуцлага тооцохгүй бол дараагийн алхам нь юу байх вэ?

-Иргэдийн хурлын бүрэн эрх чинь Засаг даргатайгаа л асуудлыг ярина шүү дээ. Тиймээс Засаг даргатай хариуцлага ярина. Албан шаардлага хүргүүлнэ. Хууль дүрэм зөрчсөн асуудалд хариуцлага тооцохгүй бол Хотын даргыг огцруулах асуудлыг ярина. Н.Нацагдоржийг огцруулах асуудал нь маш олон хүний эрх ашгийг хөндөж байгаа учраас түүнийг огцруулахгүй байна гэж харж байгаа. Гэхдээ Мэргэжлийн хяналт хууль зөрчсөн асуудлыг зоригтой гаргаад өглөө. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандах болно. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ: