Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Сангийн яамны хууль эрх зүйн газрын худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж УИХ-д өргөн барихыг зөвшөөрлөө. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тендерт хүний оролцоог буураалах, түргэн шуурхай цахимаар зарлах гэх мэт асуудлууд дээр тулгуурлаж энэ хуулийн төслийг боловсруулсан.
Нэгдүгээрт хуулийн төсөлд хүний оролцоог бууруулна. Цахим шилжилт хийж байгаа. Тендерт оролцож байгаа компаниудаас шаарддаг 70 орчим материал нь төрд байдаг. Зөвхөн төрийн байгууллага хоорондоо материалаа солилцож авдаг болохоор шийдэхээр болно.
Хоёрдугаарт нь түргэн шуурхай байх. Илгээдэг материал нь цөөхөн болсон тохиолдолд үнэлгээний хорооны гишүүд цөөхөн материал дээр ажиллана. Цаашдаа тендер шалгаруулалтыг ажлын 30 хоногт зохион байгуулах боломжтой байдлаар тусгасан
Гуравдугаарт нь нээлттэй ид тод байлгах. Тендерт оролцож байгаа бүх компани нэгнээ харна. Олон нийт зохин байгуулж байгаа хэлбэр, компаниудын нэр, үр дүнг харна. Харин олон нийтэд үнэлгээ хийж байгаа үйл явц харагдахгүй. Дараагийнх нь тендерт ороод чанаргүй бараа үйлчилгээ гүйцэтгэдэг асуудал гардаг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дахин тендерт оруулахгүй. Хувийн байгууллагын үүсгэн байгуулагчийг хар жагсаалтад оруулна. Мөн шинээр танилцуулж байгаа нэг зүйл нь төрийн байгууллагуудын өдөр тутамдаа худалдаж авдаг түргэн элэгдэх чанартай материалыг цахим дэлгүүрт байршуулж байгууллагууд нэг стандартын шаардлага хангасан барааг авах тогтолцоо руу орно гэж байгаа. Мөн орон нутаг болон, дотоодод үйлдвэрлэсэн бараануудад боломж олгоно" гэлээ.
Мөн тэрбээр "Хуудсаа дугаарлаагүй, гарын үсэг дутуу гэх мэт шалтгаар тендерт ирүүлсэн баримтыг буцаахгүй. Компаниуд Tender.gov.mn цахим хуудсанд нэг удаа бүртгүүлэн, санд мэдээллээ нэг удаа л оруулна. Дахин оруулах шаардлагагүй болно. Тендерт хамгийн бага үнэ санал болгосныг биш бодит үнэ санал болгосон ААН-ийг шалгаруулна. Төсөвт өртгийн 80 хувиас бага үнэ өгсөн ААН-ийг хасна. Анхны өртөг бага атлаа цахилгаан их хэрэглэдэг гэх мэт ашиглалтын зардал өндөртэй санал өгвөл мөн хасна. Тендертэй холбоотой маргааныг 30 хоногийн дотор шийдэх ёстой ч материалын бүрдэл, талуудын нэхэмжлэл зэргээс хамааран энэ хугацаанд багтдаггүй” гэдгийг тодотголоо.