ОХУ-ын Москва хотноо энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Засгийн газар хоорондын комиссын ээлжит XXIV хуралдаан зохион байгуулагдаж, Эрчим хүчний яамны төлөөлөл оролцсон аж.
Тодруулбал, уулзалтад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарын төлөөлөл оролцжээ. Энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Григорьевич Шульгиновтой албан уулзалт хийж.
Уулзалтаар “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөлийн төслийн явц, ОХУ-аас авах цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний сэлбэг, материалыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Тухайлбал, “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2022 оны аравдугаар сарын 24-26 өдрүүдэд Улаанбаатар хотноо “Интер Рао Экспорт” НХН-ийн захирал Сергеевтэй хийсэн хэлэлцээний хүрээнд тодорхой шийдлүүдэд хүрсэн талаар сайд Б.Чойжилсүрэн танилцуулж, тус төслийг төслийг Оросын Холбооны Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар хоёр тал хэлэлцээ хийлээ.
Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх талаар хүсэлт тависан. Уулзалтын төгсгөлд эрчим хүчний сэлбэг материалыг хилээр саадгүй нэвтрүүлэх чиглэлээр дэмжлэг хүссэн юм. Өнгөрөгч онд ОХУ-ын зарим тоног төхөөрөмжийг хилээр гаргахад тусгай зөвшөөрөл нэмэлтээр авах шаардлагатай болсон тул нийлүүлэлт удаашраад байсан аж.