АН: Ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн

АН: Ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн

 УИХ-аас баталсан 2023 нэгдсэн төсөв Монгол Улсын нийгэм, эдийн засагт ноцтой хохирол үзүүлэхүйц байдлаар батлагдсан хэмээн үзэж бүхэлд нь хориг тавихыг шаардаж, Ардчилсан намаас өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлсэн байна. 

Шаардлага хүргүүлсний дараагаар АН-ын удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “2023 оны төсөв ихээхэн хэмжээний алдагдалтай батлагдах гэж байгааг буруушааж, Ардчилсан намаас удаа дараа шаардлага тавьж ирсэн. Монгол Улс сүүлийн зургаан жилд байнга алдагдалтай төсөв баталж ирлээ. Зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулвал,  Монгол Улсын төсөв гурав дахин нэмэгджээ. Энэ хугацаанд Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу гэвэл үгүй. Харин ч хоёр дахин уналаа. Өмнө нь гурван хүний нэг нь ядуу гэдэг байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуугийн эгнээ рүү оржээ. Энэ байдал 2023 онд үргэлжлэх нь тодорхой.

Ийм байтал улсын төсвийг маш их үрэлгэн байдлаар буюу 19 их наяд 50 тэрбум төгрөгийн орлоготой, 20 их наяд 475 тэрбум төгрөгийн зарлагатай төсөв баталлаа. Үүний алдагдал нь 1.4 их наяд төгрөг юм. Сүүлийн 2-3 жилийн төсөв дээрх алдагдлыг нэгтгэвэл, 10 их наядын алдагдалтай төсөв баталсан байна. Түүнчлэн Монгол Улсын төсвийн 40-50 хувийг төр мэддэг боллоо. Төр данхайж, түүнийгээ санхүүжүүлэхээр тусгажээ. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээр оруулж ирээгүй тул  бид Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн” гэв.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө