Нүүрсний хулгайн бүлэглэлийг шалгаж, ил болгох асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Засгийн газраас шийдвэр гарч "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц дэглэм тогтоон, бие төлөөлөгч томилсон. Олон жилийн туршид монголчуудын болон зарим бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хохироож ирсэн нүүрсний хулгайн бүлэглэлийн үйл ажиллагааг илчлэх, хяналт тавих, цэгцлэх ажлыг хийгээд явж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын ажилд саад болох зорилготой зохион байгуулт бүхий мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр их явуулж байна. Тухайлбал, "Ардын намд хагарал бий болжээ. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хагарчээ. Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох нь" гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Үүнийг Ардчилсан намын нөхдийн хийж буй ажил гэж харж байгаа. Засаг төр тогтвортой байж дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэй хямралыг даван туулах нь л чухал байна. Нэг нь Ерөнхий сайдаас бууж нөгөө нь Ерөнхий сайд болох үеийн төлөөлөл бид бишээ. Бидэнд эрх мэдэл, албан тушаалын төлөө хагаралдаж, тэмцэлдэх ямар ч шалтгаангүй " гэлээ.