Барилгын ажлыг царцааж Улсын мөнгө шамшигдуулдаг байдлыг халахын тулд ГУРВАН жилд дуусгадаг байхаар хуульчилна

Барилгын ажлыг царцааж Улсын мөнгө шамшигдуулдаг байдлыг халахын тулд ГУРВАН жилд дуусгадаг байхаар хуульчилна

Өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг нь тус хуулийн төсөлд аливаа хөрөнгө оруулалт хэрэгжүүлж байгаа ААН-үүдэд хөрөнгө оруулалтын нийт төсөвт өртгийнх нь гуравны нэгээс доошгүй санхүүжилтыг тухайн жилд олгож байх зохицуулалтыг тусгасан юм. Энэ нь төсөл хөтөрбөрүүд удаашрах эрсдэлийг хаасан зүйл хэмээн тайлбарласан. Гэвч гэнэтийн байдлаар төсөвт тодотгол хийх шаардлага гарвал тэр хэмжээний санхүүжилт өгөх боломжгүй болох эрсдэлтэй гэдгийг зарим гишүүд санууллаа. Тиймээс шинээр төсөл арга хэмжээ хэрэгжүүллээ гэхэд гурван жилийн дотор дуусгадаг байх тогтолцоо руу шилжих ёстой гэсэн саналыг гаргасан юм.

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн жилүүдэд ДНБ өсөхийн хэрээр төсөв тэлж байгаа. Энэ хэрээр 100 тэрбум давсан төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтууд ихээр орж ирэх болсон. Үүнийг бид богино хугацаанд дуусгаж чадахгүй тав, зургаа, 10 жилээр үргэлжлүүлж төсөв дээр том эрсдэл үүсгэх нөхцөл байдал руу явдаг. Тийм учраас дээрх санал зарчмын хувьд зөв. Гэхдээ үүний ард нэг эрсдэл бий. Жилд гуравны нэгээс багагүй тусгана гэсэн байна. 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл орж ирлээ гэхэд тухайн жилд 50 тэрбумаас доошгүй суулгаж чадахааргүй бол тэр төсөл хэсэгтээ явахгүй гэсэн үг. Төсөв талдаа хязгаарлалт тавьсан, дэгэнд оруулсан, хязгаарлалт тавьсан чухал заалт мөн".

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Төсвийн тухай хуульд орж байгаа энэ нэмэлт өөрчлөлт их чухал. Төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнг сайжруулах. хариуцлагын тогтолцоог сайжруулах нөлөөтэй. Манайхан нэг объектыг олон жил царцаадаг. Улсын төсөвт асар их хохирол учруулдаг. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, хяналтын тогтолцоог бий болгох, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй нэг том өөрчлөлт. Гэхдээ хэт хатуу заавал хэрэгжүүлэхэд хүндрэл учирч магадгүй. Гуравны нэгээр санхүүжүүлнэ гэдэг нь сайн заалт мөн боловч амьдрал баян учраас гуравны нэг нь хүрэхгүй байна гээд 10 жил оруулахгүй байх магадлалтай. Тэгэхээр нэг объект ямар ч байсан гурван жилээс хэтэрдэггүй байх тогтолцоонд бид ормоор байна. Гурван жилийнхээ хугацаанд бүгд дуусах ёстой гэдэг зарчим барих хэрэгтэй. Жилд заавал гуравны нэг гэхгүйгээр эхний жилдээ 10 байж болно, дараагийн хоёр жилдээ илүү өндөр байж болно. Гагцхүү гурван жилдээ багтаж дуусах ёстой гэдэг зарчим хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хөрөнгө оруулалтын ажлын төсөвт өргийн хэмжээнээс хамаарч ялгавартай байдлаар тогтоох хэрэгтэй байх. Тав арван жил барьж байгаа хөрөнгө оруулалтууд бий. Сахилга бат ярья гэвэл дорвитойхон өөрчлөлт хийх хэрэгтэй".

2024 онд хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын дүн нь 1.5 их наяд төгрөг байгаа юм. 2025 оныхыг оруулбал хоёр их наяд төгрөгт хүрнэ. Гурван жилд багтаан хөрөнгө оруулалтаа дуусгана гэдэг үүргийг аж ахуйн нэгжүүд хуулиар хүлээвэл жилд олгох санхүүжилтын хэмжээг нь уян хатан байдлаар олгох ёстой гэдэг саналыг зарим гишүүд хэлж байсан юм. Эхний хоёр жилд нь маш бага хэмжээний санхүүжилт олгочихоод гурав дахь жилд нь одоо дуусгах ёстой гэж шахаж болохгүй гэдгийг хэллээ. Гурав дахь жилд нь их хэмжээний санхүүжилт өгсөн ч төслөө дуусгаж амжихгүй эрсдэл бий гэдгийг тооцох ёстойг мөн сануулсан юм.




Өнөөдөр могой өдөр

18 цагийн өмнө